Худалдааны яам байгуулж, татвар хураамж бууруулах шаардлагатай гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

МҮХАҮТ-аас КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж буйгаа зарласан. Уг санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар ижил гараанаас дахин эхлэх боломжийг тусгажээ. 

Аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах, гурван жил Х тайлан өгсөн ААН-ийг улсын бүртгэлээс хасах санал орсон. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээх саналуудыг багтаасан асуудлууд багтсан талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг хүрээнд тодорхой үр дүн гарч гэдгийг онцолсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ “Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ хуулийг УИХ хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргана. Ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж гэж байна” гэж мэдэгдсэн юм. 

Үүнээс гадна УИХ-ын даргын дэргэд Худалдаа аж үйлдвэрийн зөвлөл байгуулахаар болж, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн “Их сэргэлт”-ийн бодлогыг эрчимжүүлэх, ДНБ-ий хэмжээг тэлэх, худалдааны эргэлтийг хурдасгах үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахаар болсныг УИХ-ын дарга хэлсэн гэлээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголбанкны Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хэлж буйгаар Зээлийн мэдээллийн санд байгаа 71 мянга гаруй иргэн, компанийн зээлийн ангиллыг шилжүүлнэ гэж байгаа. Энэ нь иргэдийн ярьж байгаа шиг зээлийн ангиллыг чөлөөлж байгаа зүйл биш. Өөрөөр хэлбэл, хөл хорионы улмаас орлогогүй болсон, зээлээ төлчихсөн хэрнээ тодорхой хугацаагаар хойшлуулаад гэрээгээ зөрчсөнөөс болоод зээлийн ангиллын жагсаалтад бүртгэгдчихсэн иргэн, аж ахуйн нэгжүүд хамаарах юм. Төрөөс одоо л хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зөв дэмжлэг үзүүлэхгүй бол цаашид шинээр үйл ажиллагаа явуулах, дахин эхлүүлэх боломжгүй болсон" гэлээ. Түүний хэлснээр цар тахлын нөлөөллөөр энэ оны эхний улиралд нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн. Гэвч эдгээр арга хэмжээнүүд нь эдийн засагт хүссэн хэмжээнд хүртэл өсөлт авчрахгүй. Тиймээс эдийн засгийг үндсээр нь өөрчлөх хуулийн төслийг УИХ-аас яаралтай горимоор батлах шаардлагатай аж. УИХ нэн тэргүүнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын  тулд Эдийн засаг, худалдааны яам байгуулах, НӨАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах, төрийн өмчит эрс шинэчлэл хийх,  Зөвшөөрлийн тухай хуулийг батлах зэрэг дээрх саналууд багтжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top