Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлийн бондыг дөрвөн жилийн дотор төлнө

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол, “Сүхбаатарын одон” хүртсэн билээ.


-2018 оны сүүлээр Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, улсын мэдэлд авсан. Тухайн үед БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд татвар нуун дарагдуулсан, худал мэдээлсэн, авлига өгсөн гээд нэлээд асуудалд орооцолдсон. Таныг ажлаа хүлээж авах үед Салхитын ордын нөхцөл байдал ямар байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сард тэтгэврийн зээлийг чөлөөлөх асуудалтай холбоотойгоор намайг дуудаж уулзсан. Тухайн үед Ерөнхийлөгчид ахмадуудаас ирдэг захидал, хүсэлтийн дийлэнх нь тэтгэврийн зээлийн асуудал байсан юм билээ. Тэтгэвэр бол тэдний гол амьжиргаа. Тэр амьжиргааг барьцаалж зээл олгодог, зээлийн хүү нь өндөр байдал бол манай банкны системийн нэг хатуу тал болж байна. “Ахмадууд ажил хийгээд зээлээ төлөх үү, тэтгэврээ барьцаалахаар өдөр тутмын хэрэгцээ, амьжиргаагаа яаж шийдэх вэ” гэсэн бэрхшээл байсан учраас тэтгэврийн зээлийг чөлөөлөх шийдвэр тусгалаа олсон гэж боддог. Шийдэхдээ Салхитын мөнгөний ордыг “амь оруулсан”.

 Салхит төслийг хүлээж авах үед уурхайн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа зогсож хөлдсөн байдалтай, хүдрийн нөөц 2.4 сая гаруй тонн л байсан. Төслийг хүлээж авснаас хойш уурхайн үйл ажиллагаа тогтмолжиж, бүтээн байгуулалтууд өрнөж байна.

-“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” группийн охин компаниар 2019 оны тавдугаар сард байгуулсан. Компанийг байгуулснаар Монгол Улсын 230 мянган ахмадын зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэж, 238 мянган ахмадад баялгийн хишиг нэг сая төгрөгийн хувь хүртээх ажлыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгууллаа. Ажлыг яаж амжуулав?

-2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд Салхитын ордыг төр мэдэлдээ авч, менежмент хийсэн. Миний хувьд уурхайн болон компанийн үйл ажиллагаанд бодит боломжоо харж судалж, зорилго, итгэл үнэмшил, зохион байгуулалт, төлөвлөгөөний дагуу ажилласан. Салхит төсөл нийт нэг их наяд 145 тэрбум 467 сая гаруй төгрөгийн байгалийн баялгийг төрд хүлээлгэн өгөөд байна. Үүнээс тэтгэврийн зээлийг тэглэхэд 695 тэрбум төгрөг, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгоход 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн.

-Салхит төслийг хүлээж авч байхдаа та нөхцөл боломжоо хэрхэн үнэлсэн бэ?

-Ирээдүйд алт, мөнгө, зэс болон бусад металл өсөх шинжтэй байсан учир анх нөхцөл боломжоо маш сайнаар үнэлсэн. Тухайн үед том зургаар үнэлбэл ордын нөөц 500 гаруй сая ам.доллар орчим гэж гарсан. Алт, мөнгө, газрын ховор металлтай Салхитын ордын зөвхөн мөнгөний орд 770 мянган тонн нөөцтэй гэж батлагдсан. 1966 онд А.А.Храпов нар Дундговь аймгийн нутагт 1:500 000 масштабтай геологи-гидрогеологийн эрлийн ажлыг эхлүүлсэн гэдэг. 1971 ондоо эрэл зураглалын ажлын үр дүнд хайлуур жонш, хүрэн нүүрс, гөлтгөнө зэрэг ашигт малтмалын хүдрийн илрэл илрүүлсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа эрэл, хайгуулын ажил явуулсан. 2019 оны тавдугаар сард “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулж, долоодугаар сард нь “Салхит” 2887.85 га талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, аравдугаар сард тус талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Үүний дараа 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд би ажлаа хүлээн авсан. 2020 оны хоёрдугаар сараас Салхитын ордыг ил уурхайн аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан юм. 2021 онд нөөцийг дахин үнэлж, хайгуул хийсээр байна. Нөөцийн үнэлэмж илүү өсөх юм бол мэдээж ашигтай.

2024 он гэхэд нийт 1.2 их наяд орчим төгрөгийг бүрэн төлж дуусгах ёстой

-Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос барьцаалж үнэт цаас гаргах замаар тэтгэврийн зээлийг тэглэсэн. Эргэн төлөлт яаж явагдах вэ?

-Иргэний тэтгэвэр барьцаал­сан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” хэмээн тусгасан. Үүний дагуу Салхитын алт, мөнгөний ордын ирээдүйн таван жилийн өгөөжийг барьцаалж “эрдэс” бонд босгох замаар шийдвэрлэж байгаа. Жишээлбэл, зургаадугаар сарын 2-нд тэтгэврийн зээлгүй иргэдэд нийт 216.2 тэрбум төгрөг олгож дууслаа. Энэ нь үйлдвэрлэж гаргаж байгаа баяжмалын жилийн орлогыг урьдчилаад авсан гэсэн үг. Гэтэл бид одоо 216 тэрбум төгрөгийнхөө талыг нь аль хэдийн төлчихсөн. Энэ оны сүүл гэхэд бүгдийг нь төлөөд дуусна. Тэтгэврийн зээл тэглэсэн бондыг одоо дөрвөн жилийн дотор төлнө.

-Төлбөрөө таван жилд төлж дуусгахад эрсдэлийг тооцсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Эрсдэлээс сэргийлж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай зөвшилцөлд хүрч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Овоот Хярын алтны ордын тусгай зөвшөөрлийг авсан. Ажлын хэсэг хайгуулын ажлыг явуулсаар байна. Үр дүнд нь 53.1 тонн алтны нөөцийг Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлсэн.

-Одоогоор Овоот Хярын алтны ордын нөөцийг хэр хэм­жээтэй гэж үнэлж байгаа вэ?

-Хайгуулыг сайн хийвэл нөөц нэмэгдэх байх. 100 гаруй тонн болох байх гэсэн итгэл үнэмшилтэй байгаа.

-Хайгуулын ажлыг хэзээ дуусахаар төлөвлөсөн бэ?

-Цар тахлын нөхцөл байдал ажилд нөлөөлж байна. Өнгөрсөн тавдугаар сард хоёрдугаар үйлдвэрийн ажлыг дуусгахаар төлөвлөж байсан ч хойшиллоо. Хэд хэдэн удаагийн хөл хорио бараа татан авалтад нөлөөлж, хүндрэлтэй зүйлс байна. Одоо Хятадаас гурван том машин тоног төхөөрөмж ирчихвэл ажилд асуудал үүсэхгүй.

-Одоо Салхитын ордыг бүтээн байгуулалт хэр явж байна вэ. Жилийн дотор нэлээд бүтээн байгуулалт өрнөсөн байх?

-“Баяжуулах-2” үйлдвэрийн дөрвөн объектын бүтээн байгуулалт дуусах тал руугаа нэлээд дөхсөн. 150 ажилтны орон сууц, 650 ам.метр тал­байтай оффисын шинэ барилга, цахилгаан станц, дэд бүтцийн ажлуудыг богино хугацаанд хийсэн. Уурхайд байх ёстой бүх бүтээн байгуулалтыг бүрдүүлэхээр зорьж байгаа.

-Цаашдаа Салхитын орд, Овоот Хярын ордын үр ашгаас ард түмэнд хүртээх төлөвлөгөө байгаа юу?

-Цаашдаа төрийн бодлого, шийдвэр яаж явж, хаашаа чиглэхээс мэдээж их зүйл шалтгаална. Бид ямар ч байсан 2024 он гэхэд тэтгэврийн зээлийн бонд 1.2 их наяд орчим төгрөгийг бүрэн тэглэсэн байх ёстой. Баялгийн сангийн тухай хууль батлагдвал уул уурхайгаас олсон орлогыг тийш төвлөрүүлж, улс орны хөгжилд зарцуулах боломж бүрдэнэ. Миний хувьд зөвхөн Салхитын орд, Овоот Хярын орд гэлтгүй Монгол Улсын байгалийн баялаг улс эх орны хөгжил, ард түмний амьдралд хувь нэмрээ оруулахад чиглэсэн байгаасай, тэдэнд зарцуулагдаасай гэж итгэж найдаж байна.
 


-Таныг тэтгэврийн зээлийг тэглэсэн компанийн захирал гэдгээр хүмүүс илүүтэй таньж байна. Харин хувь хүнийх нь хувьд төдийлөн сайн мэдэхгүй юм. Таны мэргэжил юу вэ?

-Нийслэлийн V сургуулийг 1994 онд төгсөөд хоёр сургуульд суралцах эрх авсан. Удаагүй 1997 онд цагаан элсний нефтийн хайгуулд анхны өрөм тавьж, тухайн орд газраас түүхий нефть гарахад Ерөнхийлөгч асан П.Очирбат өөрийн өмсөж явсан дээлээ мялааж байсан түүхэн үйл явдал болж байв. Энэ үеэр Монгол Улсад анх удаа геологийн нефтийн хайгуулын ангийг нээж байхад сонирхлоороо суралцаад “Хэт” компанид хоёр жил хайгуулын ажил хийлээ. Ажлын хажуугаар Санхүү, эдийн засгийн дээд сургуульд сурсан. 2001 онд АНУ-д очиж ажиллаж амьдарч байгаад эргээд Монголдоо ирсэн. Монголдоо ирээд барилгын бизнес хийсэн. Удирдлагын академид сурсан. Хуулиар магистр хамгаалсан. Ерөнхийдөө амьдралын он жилүүддээ барилга, уул уурхайн салбарт ажлын туршлага хуримтлуулж явна даа. Миний үндсэн мэргэжил бол бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэл юм. Тиймээс улс, эх орны тэргүүлэх салбаруудыг судалж, салбар салбарт хөрвөх чадварыг олж авсан.

-Таны анхны эхлүүлсэн бизнес барилга байсан гэж үү?

-2006 онд барилгын бизнес эхлүүлэхдээ мөнгө муутай л байлаа. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах зэргээр олон эрсдэл гаргаж бизнесээ хийж байв. Гэхдээ өдийг хүртэл бизнес хийж байх хугацаандаа эрсдэлээс айж байгаагүй. Хариуцлага хүлээж, эрсдэл гаргаж, мөнгө олж, гаргаж чадсан хүн туршлагаждаг. Барилгын салбарт ажиллаад 6-7 тэрбум төгрөгийн ашиг олоход, үүний 4-5 тэрбум төгрөгийг банк, банк бус санхүүгийн байгуул­лагын зээлд төлсөн байдаг. Би өөртөө ажиллаад байна уу, банканд ажиллаад байна уу гэдгээ ч хааяа гайхна. Барилгын салбарын дараа уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан. Одоо ч гэсэн зарим төсөл дээр ажиллаж байна.

Туршлагатай боловсон хүчнийг танилын “шахаа”-гаар сольдог нь төрийн өмчит компанийн уналт гэж хардаг

-Хувиараа бизнес хийж байсан хүн төрийн өм­чит ком­пани удирдахад шүүмж­лэлтэй “нүүр тулж” байсан биз?

-Тухайн үед Монголын эдийн засгийг “Пуужингийн өсөлт”-өөр өсгөх 10 төсөл гэж санаачлаад, төслүүдээ хувийн хэвшлийн менежментээр удирдаж өгөөжтэй болгохоор төлөвлөсөн. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимийн удирдлагуудтай ойрхон ажиллаж байсан. Ийнхүү “Салхит” төслийн тооцоог эртнээс гаргаж судалсан. Тухайн үед судалсан 10 төслөөс хоёр жилийн дараа амжилттай хэрэгжсэн ганцхан төсөл бол Салхитын алт, мөнгөний ордын төсөл юм. Бусад төсөл хэрэгжих шатандаа хөдөлгөөн зогссон.

-Хувийн хэвшлийн менеж­ментээр төрийн өмчит компанийг удирдах арга барил нь юу байв?

-Компанийнхаа нэг төгрөгийг ч гэсэн өөрийнх шигээ арвилан хадгалж байх ёстой. Зөв газраа зөв хөрөнгө оруулалт хийж, хэмнэлтийг сайтар хийж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын хамгийн том зовлон нь компанид боловсон хүчний шахаа гэдэг юм уу, байсхийгээд мөнгө татах ч юм уу халаа сэлгээ тогтмол хийх гэх мэт асуудал гардаг. Миний хувьд залгамж байх ёстой гэж үздэг. Туршлагатай боловсон хүчнийг танилын “шахаа”-гаар солино гэдэг төрийн өмчит компанийн уналт юм. Үндэсний манлайлагч залууст ачааг нь үүрүүлж эдийн засгаа босгох хэрэгтэй. Манай компанийн ажилчдын хувьд эх оронч сэтгэлээр ажилладаг. Монгол Улсыг монголчууд өөрс­дөө л хөгжүүлнэ шүү дээ. Бид 2019 онд долоон ажилтантай үйл ажиллагаа эхэлж байсан бол одоо 150-уулаа болжээ. Данхар бүтцээс илүү цомхон чадварлаг хамт олон сайн ажиллана гэж боддог. Гол нь залуусын ажлын ур чадварыг үнэлдэг байх хэрэгтэй.

-Таны аав, ээж аль нутаг вэ?

-Миний аав Дамирангийн Чойжил гэж хотгойд хүн. Нутгийн­хан Комиссар Чойжил ч гэж ярьдаг. Намын дээд сургуулийн захирал, номын фондын эрхлэгч хийж байсан. Хоёр дайнд гавьяа байгуулсан хүн шүү. Миний аав Төмөр айлын ганц хүү, насаараа тээврийн жолооч хийсэн. Миний ээж Баянхонгор аймгийн Галуут сум, хуучин “Мандалын хүрээ” хийд байсан нутгийн хүн. Миний аав, ээж 80 гаруй насыг зооглоод байна.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Мягмарзаяа, 10 жилийн нөгөө ангийн охин байна. 1998 онд гэр бүл болсон. Гурван хүү, нэг охинтой.

Том амжилт гаргаагүй ч миний хамгийн дуртай спорт бол бокс

-Та 2021 оноос Монголын боксын холбооны ерөнхий­лөгчөөр ажиллаж байгаа. Өмнө нь нэлээд хэдэн жил дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Боксыг яагаад сонирхох болсон бэ?

-Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч дөрвөн жил хийсэн. Тухайн үед боксынхон олимп, дэлхийгээс медальтай чамгүй амжилттай байлаа. Холбооныхон санал тавиад 2021 онд ерөнхийлөгч нь болсон. Би багаасаа боксын дугуйланд явсан. Том амжилт гаргаагүй ч миний хамгийн дуртай спорт. Сая Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид маш амжилттай оролцлоо. Цаашдаа ч боксынхныг олон амжилт хүлээж байгаа гэдэгт итгэж байна.

-Таныг Монгол дахь Герман хоньч нохой сонирхогчдын холбоог үүсгэн байгуулагч гэдэг. Нохой тэжээдэг үү?

-Нохойнд хайртай хүүхэд байсан. Гудамжинд явж байсан нохойг аваад тэжээчихнэ. Хүүхдэд нохой тэжээх их хариуцлага суулгадаг. Нохойгоо салхилуулна, хооллож ундална. Амьтантай харьцах, хайрлах мэдрэмжүүд суулгадаг. Дэлхийн Герман хоньч нохойн холбоонд анх Монголыг элсүүлж байсан. Тэр нь нэлээн шалгуур өндөртэй холбоо. Жил бүр Германд дэлхийн шилдэг герман хоньч нохойн тэмцээн болдог. Нохойг аврах ангид, үнэрийн чиглэлээр, холын зайнд юм зөөх, харуул хамгаалалтад гээд олон төрлөөр дэлхийн улс бүр ашиглаж байна. Гэтэл тухайн үед Монгол Улс эдгээр чиглэлээр дутмаг байсан. 2014 онд л Дэлхийн Герман хоньч нохойн холбоонд “анхлан элсэгч”-ээр ороод, тодорхой хугацаа хүртэл өөрөө удирдаж яваад сонирхогч дүү нартаа холбоогоо өгсөн. Монголд нохойг яагаад хөгжүүлэх ёстой гэж бодсон бэ гэхээр Азийн сан олон улсын байгууллагын хоёр ажилтан Монголд ирээд Төв аймагт Богд уулаар явж байсан. Гэтэл нэг ажилтан нь ирсэн. Нөгөө ажилтан нь олдоогүйг хэдэн өдөр хайгаад нас барсан байдалтай олсон санагдаж байна. Тухайн үед үнэрийн чиглэлээр ноход бэлддэг байсан бол тэгэж хугацаа алдахгүй ажилтныг олох байсан. Энэ үйл явдлаас ноходыг бэлтгэх, хөгжүүлэхэд анхаарахаар шийдсэн. Удалгүй Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга асан, хурандаа Цогтбаяр “Цагдаагийн нохойн албыг сайжруулах гэж байгаа” гэж манай холбоонд хандахад бид шилдэг ноходоосоо бэлэглэж байсан. Тэр бэлэглэсэн ноходын үр төл одоо ч сайн “ажиллаж”, хэрэг илрүүлээд явж байна. Хүний чанар танигдаж хувьсдаг бол нохой эсрэгээрээ маш үнэнч амьтан. Эзнээ ямар ч үед орхиж явдаггүй. Өнгө, мөнгөөр ялгадаггүй. Тиймээс нохойнд хайртай.

-Танд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээх болсон гол гавьяа гэвэл ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлж, зээлгүй ахмадуудад урам­шуулал олгосон явдал шүү дээ. Энэ цолыг Монгол Улсдаа ажил хөдөлмөрөөрөө онц ач гавьяатай хүнд олгодог. Таны хувьд төрийн эрхэм дээд цолыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Төр, засгийн өндөр дээд шагнал авна гэдгээ өөрөө ч мэдээгүй байхад гэнэт дуулгасан. Мэдээж их талархаж байгаа. Миний хувьд бурханы шашин шүтдэг. Багаасаа лам багш нарын сургаалийг сонсож өссөн учраас “Ямарваа нэг зүйлийг би гэсэн сэтгэлээ дарж бусдын тусын тулд үйлдэх ёстой” гэсэн гол үзэл баримтлалтай. Өнгөрсөн жилүүдэд миний хийсэн ажил бол нийтийн буян хураасан сайхан үйл гэж бодож байгаа. Цаашдаа ч амьдралдаа хийх үйлс бүхэн бусдад тустай, улс оронд өгөөжтэй байгаасай гэсэн бодолтой явдаг.

-Та их залуу Хөдөлмөрийн баатар болов уу?

-1977 оны гуравдугаар сарын 8-нд төрсөн, могой жилтэй. 44 настай Хөдөлмөрийн баатар болж байна. Урд нь хамгийн залуу Хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу гээд 29 настай баатар “төрсөн” гэж сонссон. Тухайн хүний наснаас хамаарахгүй, нийгэмд үзүүлсэн нөлөөлөл, ажил хөдөлмөрийн гавьяа зүтгэлээр нь Хөдөлмөрийн баатар цолыг хүртээлээ гэж ойлгосон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(64.119.27.26) 2021 оны 06 сарын 10

Амжилт хүсье, улам сайн ажиллаарай

0  |  0
Мөнх(59.153.114.178) 2021 оны 06 сарын 10

Шал худлаа, авцалдаагүй ярилцлага бна.

0  |  1
U(203.91.115.38) 2021 оны 06 сарын 09

хэдэн аавтай юм б

0  |  0
Mongol hun(202.9.46.37) 2021 оны 06 сарын 10

Setgel baival bogino hugatsaand ene uls oron dorhnoo bosood ireh yum baigaa yum sh dee.iim zaluus 1000 baihad uls oron mandan badrana daa amjilt husie mundag zaluuhan baatartaa.\n

1  |  0
MBF (88.128.88.137) 2021 оны 06 сарын 10

Ковидын энэ хэцүү үед ард иргэдэд үнэхээр хэрэгтэй ажил зохион байгуулсан даа. Нүдээ олсон шагнал олгогдсон гэж бодож байна. Заавал хөгширсөн хойноо хөдөлмөрийн баатар болдог гэж юу байхав дээ. Дахин баяр хүргэе.

2  |  0
Zochin(202.9.46.37) 2021 оны 06 сарын 10

Mundag .ingeed hiisen yum n il hun hovor bn.sain uilseeree uralddag bh heregtei zaluusaa.

2  |  0
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 10

Аавын цээж оргисон жоохон бацаанд томдсон малгай өмсүүлсэн бололтой.

0  |  3
1(202.21.109.58) 2021 оны 06 сарын 10

zass

0  |  1
Top