УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.06.07/ ээлжит хуралдаанаа танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт, улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
Цэцийн нэг гишүүн нь нөгөө гишүүний гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй бол бичгээр хүсэлт гарган “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэгчээр хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэх утгатай гомдлыг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ. Өөрөөр хэлбэл Цэцийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ шийдвэрт “хориг” тавих нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрээр үзсэн байна. Түүний гомдлыг Цэц хэлэлцээд дээрх заалт нь Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.
Бүлгийн гишүүдийн зүгээс цэцийн аль нэг гишүүн өөрт нь хуваарилсан мэдээллийг дангаар шалгаж, шийдвэрлэх нь харин ч бусдын нөлөөнд автах магадлалыг нэмэгдүүлнэ. Тухайлбал нэг гишүүн, гомдол гаргасан иргэний нэхэмжлэлийг дангаараа шийдээд, Цэц хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл тэр асуудлыг дахин сөхөлгүй хаадаг. Нөгөө гишүүн үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж хамтаараа хэлэлцэх нь харин аливаа нэг улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгж, гадаад улсын тусгай албад, олон улсын төрийн болон төрийн бус бусад байгууллагын нөлөөнд автахаас урьдчилан сэргийлсэн маш чухал ач холбогдолтой.
Цэцийн гишүүн дотоод итгэл үнэмшлээрээ уг асуудалд хандаж Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх асуудал нь тухайн хувь гишүүний шийдэх асуудал, хэрэв бусдын нөлөөнд автаад маргаан бүхий асуудалд маргаан үүсгэхгүй орхивол энэ нь хууль дээдлэх, болоод хүний эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийг хуралд оролцуулалгүйгээр дүгнэлт гаргасан нь хардлага төрүүлж байна гэх зэргээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )