Урин цагийг угтаж, вакцинаа хийлгэж аваад л дэглэмээ мартсан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 15

Нэг хэсэг халдвар хамгааллын дэглэмийг ягштал цээжилж, нарийн чанд баримталж, хамгийн сайнаараа хамгаалж байлаа. Маскаа хоёр давхарлаад ч хамаагүй зүүчихнэ. Бээлий өмсөнө, нүдний шил зүүнэ. Гар ариутгагч хэрэглэж, хүрсэн бүхнээ ариутгана. Гарч орох тутамдаа маскаа солино. Зориулалтын дагуу хаяна. Өдөрт магадгүй 10-аас илүү удаа гараа угаана. Ингэж явсан бид урин цагийг угтаж, вакцинаа хийлгэж аваад л дэглэмээ мартсан. Залхсан. Амар хялбарыг илүүд үзсэн. Хөл хорионд байхыг хүсээгүй. Засгийн газраас ч иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа, өрхийн амьжиргааг тасалдуулахгүй хэмээн хөл хориог бага багаар сулруулсаар, нээж болох бүхнээ нээсэн. Он дамнан дөрвөн удаа хатуу хөл хорионд “суусан” иргэд ёстой тэр нээлттэй боломжийг өнгөрөөсөнгүй. Ерөнхийлөгчийн сонгууль, шагнал урамшуулал, баяр ёслол нийтийг хамарсан арга хэмжээ замаа алдсан. Нэгэнт нээлттэй юм бүхнийг ашиглахгүй өнгөрөөж болохгүй л дээ, хүний л зан.

Бараг хоёр сар “хээгүй, гүндүүгүй” явж байтал коронавирусний халдварын тохиолдол хоногт 2000 гарч, нас баралт 10 хүртэл бүртгэгдэж байгаа харамсалтай мэдээг ЭМЯ-наас танилцуулж байна. Шинжилгээ өгч буй 5-6 хүн тутмын нэг нь халдвартай байгааг 14-өөд хоногийн өмнөөс анхааруулж хэлж байгаа.

Гэсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ үл ойшоосон хандлага захаас аваад хаа сайгүй хэвээрээ. Урин дулаан цагийг хэлэх үү аялж, зугаалсан ялангуяа хөдөө, орон нутгаар яваа хүмүүс маск зүүхээ мартжээ. Машин дотроо масктай яваа хүн ч ховордож, цонхоо онгойлгочихоод маскгүй явна. Маскаа барьчихаад, эрүүндээ зүүчихээд эмээж зовохоо байжээ. Ирээдүйн эрүүл мэндээ бодож энэ байдлаа яаралтай засахгүй бол, эргээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй бол аюул та, бидний яг дэргэд ирчихэж гэдийг алхам тутамдаа ойлгоё.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top