“Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалт Их Британийн Корнуолл аралд болж өндөрлөв. Гурван хоногт үргэлжилсэн арга хэмжээний үеэр Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц болон Японы тэргүүн нар хоёр жилийн дараа анх удаа биечлэн уулзаж, дэлхийн хувь заяаны талаар хэлэлцэв.
Хэлэлцээний дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Хамтарсан мэдэгдэлд БНХАУ-ын талаар хатуу байр суурь илэрхийлсэн нь онцлог байв. Өмнөх мэдэгдлүүдэд Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн бодлогыг буруушааж, нэг удаа дурдаж байсан бол энэ удаа Бээжингийн талаар гурван удаа дурджээ. Тухайлбал, талууд БНХАУ-д Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны уйгаруудыг хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, Хонконгийн нөхцөл байдал, Тайванийн хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангахыг анх удаа уриалж, Хятадын зах зээлийн бус практик, бодлогын талаар баримтлах байр сууриа нэгтгэхээр амлажээ.
Түүнчлэн, “Их 7” бүлгийн тэргүүн нар хөгжиж буй орнуудад чиглэсэн дэлхийн дэд бүтцийн санаачилгыг эхлүүлэх тухай тохиролцоонд хүрэв. Энэ санаачилга Бээжингийн хувьд чухал ач холбогдол бүхий “Торгоны зам” төсөлд сөргүүлэн дэвшүүлж буй санаачилга юм.
Коронавирусний цар тахлын асуудал “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг тойрч гарсангүй. Талууд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены уриалгыг дэмжин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор коронавирусний гарал үүслийг тогтоох шалгалтын хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхийг уриалав.
Тус уулзалтад оролцсон ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус тус байгууллага коронавирусний гарал үүслийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж буйг хүлээн зөвшөөрч, эдгээр хувилбаруудыг бүгдийг нь судалж, хэлэлцэх ёстой гэж үзэж буй талаар мэдэгдэв. Тэрбээр коронавирусний гарал үүслийг баттай тогтоохын тулд шалгалтын хоёрдугаар шатанд шилжих ёстой гэж онцолжээ. Түүнчлэн, ирэх оны сүүлч гэхэд цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудад нэг тэрбум тун вакцин олгох том зорилт дэвшүүлсэн байна.
Оросын сэдэв мөн л “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын уламжлалт сэдэв болоод байгаа билээ. Гэхдээ энэ удаад Оросын асуудалд бага орон зай өгчээ. “Их 7” бүлэг эрх ашигт нийцсэн салбарт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулж, хүн хордуулах хэргийг шалгах, ОХУ-ын нутаг дэвсгэрээс гаралтай цахим вирус илгээгчдийг олж тогтоохыг Москвад уриалжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн тал дээр “Их 7” бүлэг “ногоон хувьсгал”-ыг санаачилж, энэ хүрээнд агаарын температурын өсөлтийг 1.5 Цельсийн градуст хязгаарлах зорилт тавьжээ. Түүнчлэн талууд 2050 онд нүүрстөрөгч ялгаруулалтын хэмжээг тэглэх, 2030 он гэхэд ялгаруулалтын хэмжээг хоёр дахин бууруулж, хуурай газар, далайн 30 хувийг хамгаалах үүрэг амлалт авчээ.
Ирэх жилд “Их 7” бүлгийг Герман даргална.
Сэтгэгдэл ( 1 )
hari garigaas garaltai jumig delhigees ereed hereggyi