Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр санасандаа хүрч, МАХН нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр болсонтой зэрэгцээд Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан баярын бялуу хувааж, шампанск буудуулж буй сураг сонсогдов. Бүр Н.Алтанхуяг даргын эзэмшлийн, хоногийн 100 долларын такстай амралтын газарт АН-ын удирдлага болон идэвхтэй гишүүд МАХН нэрийг улсын бүртгэлд бүртгэхээр болсонтой холбогдуулаад хонон өнжин найр хийсэн гэнэ. Хар ухаанаар бодоход Улсын дээд шүүхийн гаргасан энэхүү шийдвэрийг Н.Алтанхуяг нар биш, Н.Энхбаяр тэргүүтнүүд нижгэр тэмдэглэх ёстой санагдана. Гэхдээ бодоод байх нь ээ, АН-ынхан энэхүү баярыг нүсэр тэмдэглэх нь ч аргагүй юм. Өөрөөр хэлбэл, “МАН хоёр хуваагдчихлаа. Иргэд МАН, МАХН нэрний учрыг олж, хужрыг тунгаах гэсээр байтал 2012 оны сонгууль тохионо. Тэгэхээр АН ялах нь тодорхой болжээ” гэдэг үүднээс Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн баярыг хөөрцөглөн байж хуваалцсан бололтой. Үнэхээр ч МАН, МАХН гэдэг нэрнээс болж улс төрийн том хүчний ирээдүйн боломж үүдээ хаахад ойрхон болсон нь харамсалтай. Цаашид юу болохыг цаг хугацаа харуулах биз.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )