Х.Баттулга 2024 оныг хүлээж тэвчихгүй байхад Н.Энхбаяр тэвчинэ гэж үү!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Анир гүмд өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, үүний шилийг даран нөхөн сонгуулийн тулаан эхэллээ.

Ирэх аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог болон Хэнтий аймаг, УИХ-ын 18 дугаар тойрогт нөхөн сонгууль тус тус болно. Нөхөн сонгууль болох хоёр тойргийг битүүхэн горилогчид эерэг талд нь авч үзэж байгаа учраас өрсөлдөөн ихтэй болно. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшин ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзан, Хотын дарга болсон. Учир нь хэн нэгэн нөхрийн бүрэн эрхийг шүүхээс хөндөж, түдгэлзүүлээгүй болон өөр эрсдэл гараагүй тойрог гэж үзэж байгаа бололтой.

Юуны өмнө Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Э.Батшугирт олдож байгаа хамгийн том боломж бол нөхөн сонгууль учраас тэр зайлшгүй өрсөлдөж таарна. Түүний өнөөдөр болон маргаашийн  ирээдүйд дахин ийм боломж харагдахгүй байгааг өөрөө биш юм гэхэд үхэхээс бусдыг үзсэн эцэг нь мэдэж байгаа. Өөр нэгэн эх сурвалжийн хэлж байгаагаас харвал Э.Батшугар Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд өрсөлдөнө гэж байна. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх илэрхий таамаг байгаа учраас түүнээс зугтаж байгаа гэнэ. Уг нь тэрээр 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж ялагдсан ч 22991 хүний санал авч чадсан. Ямар ч хүн энэхүү өндөр рейтингээ дагаж өрсөлдөх нь ойлгомжтой баймаар юм. Тус тойрогт өрсөлдөөд ялалт байгуулаагүй үлдсэн 24 хүнийг саналаараа тэргүүлсэн Э.Батшугарт УИХ-ын гишүүний суудал ойрхон л санагдаж байгаа. Нөгөө талаас “Тавантолгой түлш” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар ихээхэн санаархаж байгаа ч талаар болно биз ээ.

Эрх баригчдыг айлгаж байсан МАХН гэх бүлэглэлийг татан буулгаж, МАН-д дагаар орсон Н.Энхбаяр өөрийн хүүгээ бүү хэл том том тохиролцоо хийсэн гэдгийг тал талаас л ярьж таамаглаж байна. Гэвч дотроо багтаж шингэхгүй байгаа МАН-ынхан өөрсдийг нь 10 гаруй жил харлуулсан Н.Энхбаярыг өөд нар харуулна гэхэд нэг л итгэл төрөхгүй байгааг нуух юун. Нар харлаа ч үүлэн чөлөөнийх байх нь ойлгомжтой. Хэрвээ МАН-ынхан Н.Энхбаярыг хулхидвал Э.Батшугар тэр чигтээ сураг алдарна. Тэрээр намаа МАН-д нэгтгэх үеэр “Улсын хэмжээгээр МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно. Төр засгийн албан тушаал дээр бид Үндсэн хууль өөрчлөх, намынхаа зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоод явах бөгөөд тухай бүрд нь хоёр талын ажлын хэсэг гарч ажиллахаар ярилцсан” хэмээж байсан нь хэтэрхий том мөрөөдөл юм.

Харин Сонгинохайрхан дүүрэгт АН-аас өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай хүний нэг бол дээр дурдсанчлан бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүнд улс төргүйгээр цааш явахад олон бэрхшээл бодитоор бий. Товчхондоо тэр улс төргүйгээр амьдарч чадахгүй болсон бөгөөд 2024 оныг хүлээх нь үхлээ хүлээснээс өөрцгүй зүйл болно. Тэгээд ч сэтгүүлчийн тухайлан бэлтгэсэн асуултад “Амьдрал баян ш дээ” хэмээн хариулж байгаагаас харахад “Нөхөн сонгуульд үзнэ” гэсэнтэй агаар нэгэн сонсогдоно лээ. Гагцхүү АН дотор гараад байгаа үймээнийг нэг тийш болгох шаардлага бий. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд орсон шигээ учраа ололгүй цааш явбал С.Эрдэнийн АН, О.Цогтгэрэлийн АН хоёр дундаа саналаа хуваан унахаас өөр аргагүйд хүрнэ. Энэ утгаараа АН-аас өрсөлдөх жинхэнэ дүрийг нэрлэхэд дэндүү эрт бөгөөд ялагч тодорно гэхэд хэцүү. АН нэрийг өмчлөн нэр дэвшихдээ тулвал олон өрсөлдөгч гарч ирнэ. “Муу хүнд жанжин олон” гэгчээр унаж яваа намд дарга нар олон учраас хүн бүр л “Би” хэмээн цээжээ дэлдэж байгааг харж л байна. Эх сурвалжийн дуулгаж байгаагаар бол ялж үзээгүй ч О.Магнай ч байгаа, “Сумо” Д.Батбаяр ч байгаа, Л.Эрхэмбаяр ч байгааг хэлсэн.

Нийт түмний дунд Х.Баттулга, Э.Батшугар хоёрыг нэгэн туухайгаар хэмжих аргагүй ч намын дотоод байдал нөлөөлнө гэдгийг Э.Батшугарын эцэг мэдэж байгаа. Саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн авсан санал болон сонгогчдын хандлага нөхцөл байдлыг өөр тийш нэгэнт эргэснийг харуулсан зэргийг судалж үзэж байгаа биз ээ. Х.Баттулга бол айдас мөн ч арга сүвэгчилж байгаа нь ойлгомжтой.

Бас нэг дэлгэхгүй байж болохгүй мэдээлэл гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх тод сураг байгаа нь ташаарсан гэж болох ч түүнд эцсийн сумаа тавих туйлын хүсэл байгааг мартаж болохгүй. Өөрийнх нь хэлсэнчлэн “МАХН-аас 2200 орчим хүн албан тушаалд очно” гэсэн мөрөөдлийн дэргэд бол үнэний магадлалтай мэдээлэл. Түүний хувьд сүүлийн 10 гаруй жил үүнийг л хүсэж тэмүүлж ирсэн учраас МАН-ын нөмөр, У.Хүрэлсүхийн туган дор нэр дэвшихэд болохгүй зүйл алга. Мэдээжийн хэрэг МАХН-ыг нь татан буулгуулж, хол явахгүй ч гэрээ байгуулсан хүмүүс “Авлига албан тушаалын хэрэг”-ийг нь цагаатгаж, нэг мандат өгсөн болоод салахыг бодох байлгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга 2024 оныг хүлээж тэвчихгүй байхад Н.Энхбаяр тэвчиж чадна гэж үү. Яагаад ч тэвчихгүй. Мөнхүү нэлээд эртнээс нөхөн сонгуульд сойж байгаа хүн бол аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба. Өөрийнхөө ирээдүйн карьерыг өсгөж Засаг даргаар ажилласан түүнд ялалт ч ойрхон байна. Өнгөрөгч 2016 оны сонгуульд өрсөлдөнө хэмээн яригдаж байсан ч ах нартаа жийгдсэн Соёлын дэд сайд М.Батбаяр гэх нөхөр дэмжлэг өндөр байгаа ч энэ тойргийн асуудлыг Н.Энхбаяр шийдэх болчихоод байна. 

Хэдийгээр АН хэмээх нэрийг хэдэн талд тасчаад хаячихсан ч АН-ын гэх шошготой нөхөд бас л горилж байгааг дуулгав. Юуны өмнө аанай л улс төргүй бол “үхчих” гээд байгаа Улсын баатар Э.Бат-Үүл одоогоор албан ёсны тамга гардаж байгаа гэх С.Эрдэнийн АН-аас зоргоороо мандат авч чадна. Сонирхол байгааг ч эх сурвалж дуулгав. Үүл баатар 2020 онд ялагдсан ч өнөөдөртөө С.Эрдэнийн АН-аас өөр дүр алга. Үүл баатрын “Амыг нь татуулах”-аар тэмцэж буй хүн бол аймгийн Засаг дарга асан Ц.Оюунбаатар гэх шороотой бөх байгааг дуулгасан. Хэнтий аймагт удаа дараа өрсөлдөж байсан ч ялалт байгуулж байгаагүй Ц.Оюунбаатарын хувьд эцсийнх нь сум энэ удаагийн нөхөн сонгууль. Тиймээс тэр хоёр хуваагдаад байгаа АН-ын аль ч талд нь тал алдахгүй байгааг хэлсэн. Харин Хэнтий аймагт удаа дараа өрсөлдөж байсан М.Хүдэрбаатар гэх нөхрийн сураг бүр тасарчээ.

Шуудхан хэлэхэд АН өнөөдөртөө аль ч шатны ямар ч сонгуульд ялалт үзүүлэхэд бэрх байгаа учраас энэ удаагийн тоглоомноос гаргаад бодчих нь дээр байх. Яахав, Х.Баттулгад ихээхэн найдлага дэмжлэг байгаа ч олон бэрхшээл түүнийг тосон уулзана. Эцэст нь хэлэхэд Н.Энхбаяр хүүгээ энэ удаагийн нөхөн сонгуулиас авч үлдэн, сайдын суудалд зүтгүүлж, өөрөө өрсөлдөх магадлал юу юунаас өндөр харагдаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.67) 2021 оны 06 сарын 16

Баттулга ямар дуусдаггүй шунал в

1  |  0
Зочин(202.126.89.89) 2021 оны 06 сарын 16

Баттулга нөхөн сонгуульд ороод ч ялахгүй л дээ. Үүнийгээ өөрөө мэдэж байгаа. Одоо сайхан амарсан нь дээр.

1  |  0
зочин(202.9.46.126) 2021 оны 06 сарын 16

МАН-МАХН хоёр чинь угаасаа л нэг угшилтай намууд, нам дотор үзэл бодолын фракц нэгдэл байх нь аль ч намд байхал асуудал үүнээс болж хоёр хэсэг талцвал алга таших сөрөг хүчин их байх нь тодорхой ер нь бол дунд нь эвтэйхэн яс хаясан нийтлэл байна. \nЕр нь бол сая намын нэгдэлийн хүч нөлөө гарсан нэгэнт нэгдсэн бол учраа олоод явах нь МАН-н ирэйдүйд хэрэгтэй байх. Н.Энбаяр улс төрд хйиж чадахгүй ажил гэж байхгүй тиймээс зарим нэг хүмүүсийн хувьд хар дарсан зүүд, толгойны өвчин болж байгаа

0  |  0
Зочин (202.126.88.197) 2021 оны 06 сарын 16

МАН одоо нэмэргүй Баттулга тодорхой

0  |  0
Зочин(192.82.90.171) 2021 оны 06 сарын 16

Женко улс төрөөс зайлаасай. Мөнгөөр бүхнийг худалдаад авчихдаг маш аюултай хүн дээ. Ядуу иргэдээ мөнгөөр талцуулаад бгаа хүн дээ. Энэ новшийн ерөнхйлөгч бсан 4 жил ичмээр бсан шүү.

1  |  0
Бат(202.9.46.152) 2021 оны 06 сарын 16

Нөхөн сонгуульд МАН мөн л хянамгай хандаж энэ суудлуудаа авах ёстой дараагийн 24 оны сонгуульд суртачилгаа болдог ач холбогдолтой тэгээд ч АН хүн орох нь хэрүүлийн л нэмэр болно хэрүүл харж суухыг ард түмэн хүсэхгүй

2  |  1
Top