Европын комиссоос “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн. Гэхдээ ядуу буурай орнуудад вакцины хэрэглээ хомс байгаа энэ үед чинээлэг орнууд хүүхдүүдээ вакцинжуулж эхлээд буй нь шүүмжлэл дагуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудад хандаж, Ковакс хөтөлбөрт вакцин хандивлаж, Энэтхэгт үүсээд буй үйлдвэрлэлийн саатлаас үүдэлтэй вакцины хомсдлыг арилгахыг уриалж байгаа юм.
Хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн болон удахгүй хийж эхлэхээр төлөвлөж буй орнууд:
АНУ-Тус улсын мужууд өнгөрсөн сарын дундуур буюу Өвчний Хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 12-15 насныханд “Файзер”-ыг хэрэглэхийг зөвшөөрснөөс хойш өсвөр насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлжээ.
Европ
Австри- Наймдугаар сарын сүүлчээс эхлэн Австрали 12-15 насны 340 мянга гаруй хүүхдийг вакцинд хамруулах юм байна.
Эстони- Тус улс энэ намраас эхлэн өсвөр насны хүүхдүүдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж буй талаар Эстонийн Засгийн газрын “КОВИД-19”-ийн зөвлөлийн тэргүүн мэдэгджээ.
Франц- Тус улс өнөөдрөөс эхлэн 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдээ “Файзер”-ын вакцин хийж эхэлжээ. Францад ирэх есдүгээр сараас танхимаар хичээллэхээр төлөвлөж байгаа юм.
ХБНГУ- Энэ сарын 7-ноос эхлэн 12-16 насны хүүхдүүдээ “Файзер”-ын анхны тунг хийж эхэлсэн бөгөөд энэ зун гэхэд дээр дурдсан насны бүх хүүхдээ вакцины хоёр тунд хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. Польш мөн 12-15 насныхнаа вакцинжуулж эхлээд байгаа юм.
Унгар- Өнгөрсөн сарын дунд үеэс 16-18 насны хүүхдүүдэд “Файзер”-ын вакцин хийж эхэлжээ.
Итали- Өнгөрсөн сарын 31-нд “Файзер”-ын вакциныг 12-15 насныханд хийхээр баталсан. Гэхдээ яг хэзээнээс вакцинжуулж эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Литва- Тус улсын Ерөнхий сайд 12 болон түүнээс дээш насныхнаа энэ сарын сүүлчээс эхлэн вакцинжуулж эхлэхээр төлөвлөж буй талаараа мэдэгдсэн.
Испани- Хичээлийн жил эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс буюу ирэх есдүгээр сараас 12-оос 17 насны хүүхдүүдээ вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж.
Швейцарь- Ирэх долоодугаар сараас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ “Файзер”-ын вакцинд хамруулна.
Норвеги- Тус улс “КОВИД-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх өндөр эрсдэлтэй хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлжээ.
Сан-Марино- Энэ сараас эхлэн 12-15 насны хүүхдүүдээ вакцинжуулалж эхэлсэн талаар Сан Мариногийн Нийгмийн хамгааллын хүрээлэн мэдээлжээ. Тэд мөн “Файзер”-ын вакциныг сонгосон байна.
Ойрхи Дорнод
Израиль- 12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос “Файзер”-аар вакцинжуулна.
АНЭУ- Тавдугаар сарын дундуур “Файзер”-ын вакциныг хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрснөөс хойш Дубай хотод 12-15 насныхан сайн дураараа вакцинд хамрагдах боломжтой гэнэ.
АЗИ, НОМХОН ДАЛАЙ
Сингапур- Энэ сарын 1-нээс эхлэн 12-18 насныхныг вакцинд хамруулж эхэлжээ.
Япон- Өнгөрсөн сарын 28-нд 12 болон түүнээс дээш насныханд “Файзер” вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн.
Филиппин- Өнгөрсөн сарын 26-нд “Файзер”-ын вакциныг 12-15 насны хүүхдүүдэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн. Ирэх сараас эхлэн хүүхдүүдээ вакцинжуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Австри,Австрали 2 өөр улс