Эз түрэмгий уул уурхайн компани эрээний голын “АМИНД ХҮРЛЭЭ”

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Одоогоос хоёрхон сарын өмнө “Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна” гарчигтай хоёр ч цуврал нийтлэлийг манай сонин уншигчиддаа хүргэж байлаа. Тухайн үед орон нутгийн иргэд “Мон Ураниум Ресурс” ХХК-ийн охин компани болох “Эрээнтолгой” ХХК тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа талаар бидэнд мэдээлж байсан юм. Мөн иргэд энэхүү компанийн үйл ажиллагаа нь орон нутгийн байгаль экологид ихээхэн хор хохирол учруулах нь тодорхой тул тууштай эсэргүүцэхээ илэрхийлж байсан юм. Тэгвэл энэ бүс нутагт үүсээд буй нөхцөл байдал улам хурцдаж, орон нутгийн иргэд болон уурхайнхны хооронд ширүүхэн тэмцэл эхлээд байгаа талаар энэ удаагийнхаа  “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буландаа онцолж байна.

Эрээний голыг өрөмдөж, 18 метрийн цооног гаргасан гэв

 

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь тал хээрийн бүсэд багтдаг, үзэсгэлэн төгөлдөр байгальтай газар юм. Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов уул, Бяруутын баян цагаан, Чандмань уул зэрэг ноён уулстай. Хөндлөн Хайлааст, Хэцүүгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын өндөр зэрэг үзэсгэлэнт газар олонтой. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хөл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, Рашаан Цайдам, Далай булаг зэрэг ховор рашаан устай сайхан газар билээ. Тэгвэл энэ тал нутагт хүн мал амьдрахад хүндхэн байдалд оржээ. Зөвхөн Эрдэнэцагааны бус хил залгаа аймаг орон нутгийнхны ундны усны гол эх  үүсвэр болсон таван голын ай савд төмөр техник ажиллаж, уул уурхайн хар сүүдэр нэгэнт нөмөрлөө. Урьд нь уурхайнхан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа талаар мэдээлж байсан бол харин одоо голын голд өрөмдлөг явуулж, гольдролыг нь өөрчилж, урсацыг нь тасалж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Орон нутгаас бидэнд ирсэн мэдээллээр уул уурхайн компани Эрээний голыг өрөмдөж 18 метрийн урт цооног гаргасан байна. Улмаар голын усыг шавхах хоёр нацосс суурилуулж голыг нэгмөсөн сүйрүүлжээ. Мөн тухайн усыг нөөцлөх таван метрийн гүнтэй хоёр шуудуу татсан гэнэ. Гэвч голоос ус ундарч тухайн компани юүлж дийлэхгүй учир тал дээр их ус асгарсан гэдгийг нутгийн иргэд халаглан хэлж байлаа. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр голын хажууд гурван өрөм тавьсан боловч амжилт ололгүй бетон зуурмагаар бөглөсөн гэнэ. Орон нутгийн иргэдийн хувьд сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун болон Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг энэ асуудал дээр онцгой анхаарч өгөхийг манай сониноор дамжуулан уламжилсан юм.

 

Хайран сайхан гол горхио харсаар байгаад амийг нь таслуулж чадахгүй

 

Эрдэнэцагаан сумын иргэн Г.Өнөрцэцэг төрж өссөн өлгий нутгийнхаа төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж байна. Тэрбээр “Энэ уурхайн олборлолт хийх газар нь тавын таван голын ай савд байгаа нь хамгийн аймшигтай. Эхнээсээ голуудыг маань өрөмдөхийг нь өрөмдөөд, урсгалыг нь хаахыг хаагаад эхэллээ. Харсаар байгаад хайран сайхан гол горхиныхоо амийг нь таслуулж чадахгүй. Нутгийн иргэд бид хандах ёстой газар нь хандаж, тууштай тэмцэнэ. Өнөөдөр манай сумынхан малчид гэлтгүй сумын төвийнхөн ч ундны усгүй болох нь тодорхой байна. Эрээний, Тохойн, Цагаан эрэг, Хонгорын зэрэг олон голыг урсацыг боож, шороо асгаж, ай савыг тарамдаж дууслаа” гэсэн юм.

 

Энэ нутаг чинь уг нь дархан цаазтай газар байсан юм гэв

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ураниум рерсурс”  ХХК-ийн үйл ажиллагаа  тус сумын хүн, малын ундаа болсон Хулстайн гол, Эрээний гол, Тохойн гол, Хонгорын гол, Цагаан эргийн зэрэг таван голын ай савд нөлөөлөөд зогсохгүй эртний түүхт газруудыг устгах аюулд хүргээд байгаа аж. Энэ талаар Эрдэнэцагаан сумын өндөр настан Буяндэлгэр “Энэ компани анх хэрмийн цагаан гэдэг нэртэй газар хайгуул хийнэ гэж гарч ирсэн. Ерөнхийдөө манай сумыг тойрч олон жил явсан. Одоо байрлаж байгаа газар бол “Таван булшны тал”. Дээр үеэсээ хаадын буюу дээдсийн таван булш өвлөгдөж ирсэн Зотол, Хонгор хайрханы нутаг. Тэр хавийн хойноосоо урагш 25 км, баруунаасаа зүүн тийш 15 орчим километр газрыг ингэж нэрлэдэг юм. Яг энэ хэсэгт таван гол бий. Голоо бараадаж манай сумын гурав, дөрөв, зургадугаар багийн айлууд өвөлжиж, хаварждаг. Угтаа энэ хэсэг 2004 он хүртэл төрийн тусгай хамгаалалттай газар байсан. Тэгтэл гэнэтхэн 2004 онд тусгай хамгаалалтаас нь гаргасан юм билээ. Тэгэхээр энэ уурхай нэлээн дээр үеэс л зэхэж, бэлдсэн хэрэг. Хүрэн нүүрсний уурхай нэртэй болохоос ураных байх. Манайд хэд хэдэн нүүрсний уурхай байгаа болохоор нэмж нүүрсний уурхай хэрэггүй. Энэ таван гол бүрэн ширгэж дуусвал тэнд байгаа айл амьтад хаашаа явах вэ, хаана амьдрах вэ. Бид өвөг дээдсээсээ онгон зэлүүд байгаль өвлөж авсан болохоор үр хойчдоо энэ чигээр нь үлдээе гэж бодсон. Иймээс бидний хэдэн ахмад нэгдэж, Уул уурхайн яам, Байгаль орчны яам, АМГТГ-т 200 гаруй ахмадын гарын үсэгтэй хүсэлт хүргүүлсэн боловч огт хариу ирж байгаагүй” гэлээ.

 

Ц.Магсар: Үнэхээр эмгэнэлтэй байна

 

Уурхайгаас холгүйхэн амьдардаг малчин Ц.Магсартай холбогдлоо. Тэрбээр “Би энэ нутаг усандаа 30 гаруй жил мал маллаж нутаглаж байгаа хүн. Манай нутгийн хөгшчүүл ярихдаа, “Таван булшны тал” гэдэг булш байдаг. Тарвага зурмыг нь агнаж барьж болохгүй. Ламбугай нар ирж ном хурдаг. Эртний түүх дурсгалын өлгий ч гэгддэг. Харамсалтай нь, эртнээс нандигнан шүтэж ирсэн онгон дагшин энэ газар уурхайнхны хөлд сүйрч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна” гэсэн юм.

 

Баялгийг ашиглаж болох ч байгалиа сүйдэлж болохгүй

 

Монгол орны ихэнх аймаг, орон нутагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынханд тохиолдоод байгаа шиг аюул өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн байдаг. Мэдээж, энэ бүхэн уул уурхайнхны үйл  ажиллагаа идэвхжсэнтэй шууд холбоотой. Эдийн засгийн үр ашгийг нь бодоод баялгаа бид ашиглаж болох ч байгалиа сүйдэлж болохгүй гэсэн бат журамтай баймаар байна. Ялангуяа дахиж хэзээ ч нөхөгдөхгүй чандмань эрдэнэ усандаа гамтай хандахгүй бол ирээдүй хойчийг маань эмгэнэлээс өөр юу ч угтаж авахгүй нь тодорхой. Харамсалтай нь хариуцлагагүй уул уурхайнхны балгаар  амьд оршихуй бүхнийг ундаалж байдаг ус уйлж байна. Уйлах, уйлахдаа бүр цурхиран уйлж байна. Урсгалыг нь тасалж, ундаргыг нь үгүй хийж байгаа хүн дүрст араатнуудад гомдож байна. Удам тань тасарч, ураг тань үгүй болбол хүн танд ямар байх вэ. Яг түүн шиг сүүлийн арван жилийн турш  887 гол, нэг мянга 166 нуур цөөрөм, хоёр мянга 96 булаг шанд, 54 рашаан удмаа, ургаа тасдуулчихаад гансарч байна. Хэрвээ тэдэнд хэл байсан бол хэчнээн их гомдол тунирхлыг бидэнд өгүүлэх байсан бол. Хэрвээ тэдэнд хөл байсан бол хаа холын газар луу хамгийн хурднаараа биднээс зугтах байсан биз. Ухаант хүмүүн гэж өөрсдийгөө өргөмжилдөг атлаа бид ухаангүй үйлдэл ихийг хийдгийн тод жишээ нь уул уурхайнхны устай харьцаж байгаа байдал. Эз түрэмгийлсэн уурхайнхан энэ удаад Эрдэнэцагааны Эрээний голын “аминд хүрлээ”. Ирээдүйд харин хэчнээн голын “голыг нь тасдах”-аар зэхэж буйг хэлэхэд ч бэрх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цог(202.55.188.108) 2021 оны 06 сарын 23

газарын баялагаа ашиглах хэрэгтэй

0  |  0
Заагч(59.153.85.111) 2021 оны 06 сарын 23

Хогийн хулгайчуудыг зайлуулах шаардлагатай.

1  |  0
н(122.201.21.16) 2021 оны 06 сарын 23

Эх орноо хэдэн төгрөгөөр солио болио.Хайран уул ус мину

0  |  0
Top