Монгол Улс зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнээ эхний ээлжинд вакцинжуулахаар төлөвлөж байсан. Сүүлд 16-17 насны хүүхдүүдийг нэмснээр зорилтот бүлгийн буюу вакцин хийлгэх боломжтой иргэдийг 2.151.545 гэж тооцож байгаа. Эндээс авч үзвэл нэгдүгээр тунд 1.918.397 хүн буюу 89.2%, 1.703.223 хүн буюу 79.2 хувь нь ковидын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна.
Гэхдээ Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгаа юм.
Гэтэл нийт хүн амын 75-80 хувь нь вакцинд хамрагдсаны дараа сүргийн дархлаа тогтож, өвчлөл буурах боломжтой гэдгийг дэлхийн дахинд эрдэмтэн судлаачид тогтоогоод, зөвлөж байна.
Иймд ямар нэг шалтгаанаар вакцин тариулаагүй иргэдэд Вироссел, АстраЗенека, Пфайзер вакцины аль нэгийг сонголтоор тариулах боломж олгох болсон талаар өнөөдөр (2021.06.23) ЭМЯ-наас мэдээллээ.
Та дархлаажуулалтын цэгүүд дээр очиж, эмчид биеэ үзүүлэн, дээрх гурван вакцинаас өөрт тохирох аль нэгийг тариулж болох аж.
Одоогоор 18-аас дээш насны 300 мянга хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Үүнээс гадна жирэмсэн болон 16-17 настай хүүхдүүд вакциндаа хамрагдах боломж нээгдчихсэн байгаа.
Хэрэв нэгдүгээр тунгаа авсан бол тухайн вакцинаар хоёрдугаар тунгаа авна гэдгийг сануулъя.
Иргэдийн зүгээс спутник вакцинын хоёрдугаар тун хэзээ ирэх вэ гэдэг асуултыг ихээр илүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны зүгээс вакцин үйлдвэрлэгч талтай өдөр бүр асуудлыг ярьж байгаа. Удахгүй гэсэн хариулт ирж байгаа ч яг хэзээ вэ гэдэг хугацааг үйлдвэрлэгч тал буюу ОХУ-аас одоогоор өгөөгүй байна. Тиймээс хоёрдугаар тун хүлээгдэж байгаа иргэд хүлээх нөхцөлд байна.
Тус вакцины нэгдүгээр тунг анх ирэхэд хэлж байсанчлан үйлдвэрлэгч талаас вакцины хоёрдугаар тунг 21-90 хүртэл хоног гэж тайлбарлаж байгаа шүү. Тийм учраас энэ хоногтоо багтаагаад үйлдвэрлэгч талаас вакциныг нийлүүлнэ гэсэн. Үүний дараа ЭМЯ вакцинжуулалтыг зохион байгуулна.
Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгааг дахин сануулъя. Вакциндаа хамрагдаарай.