Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын магнайн үрчлээс тэнийв. Өнгөрөгч долоо хоногт Улсын дээд шүүхээс МАХН нэрийг бүртгэсэн гэх мэдээлэл ийн нөлөөлсөн хэрэг. Тэрбээр намынхаа онц их хурлыг зарлаж, тархай бутархай олон намыг эгнээндээ нэгтгэж, манайд үйл ажиллагаагаа явуулдаг нэлээд хэдэн төрийн бус байгууллага зэргийг өөртөө дагаар оруулсан гэх мэт өнгөрсөн хугацаанд гараа хумхиж, зүгээр суугаагүй юм. Н.Энхбаяр МАН-ынхантай салсан шиг салъя, санаа бодлоороо уралдъя гэж хэвлэлээр тунхагласан нь хоосон зөгнөл байгаагүй бололтой. Ингээд намынхаа нэрийг авч чадсан Н.Энхбаярынхан баярын бялуу хувааж байхад, нөгөө талд МАН-ынхан хөнжилдөө хөлөрч, хөл хөдөлгөөн орцгоолоо. Тэгэхээр Н.Энхбаяр намынхаа нэрийг бүртгүүлж чадлаа. Ард иргэдийн өмнө жинхэнэ шударга ёс гэж юу байдаг, улсын хөгжил хаанаас эхэлдэг. Авлигаас ангид байх ухааныг ном ёсоор нь харуулна гэж хэдэнтээ амлаж байсныг нь түүнээс хүлээх л үлдлээ хэмээн дэмжигч нар нь сэм ярилцаж байгаа ажээ. Зарим нь Н.Энхбаярыг тэнгэрийн амьтан газарт бууж, ард түмний бодит амьдралтай танилцсан. Тиймээс нисэх үү, газартаа үлдэх үү гэдгээ энэ хүн өөрөө шийдэх байх. Гэхдээ тэр газарт хүчтэй ойчсон болохоор ухаан суусан гэцгээн санал, шүүмжлэлийг уралдуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )