1941 оны зургаадугаар сарын 22-ны тухай Германы сурах бичигт хэрхэн заадаг вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1941 оны зургадугаар сарын 22-нд нацист Германы арми харилцан үл довтлолцох гэрээгээ зөрчин, ЗХУ (Одоогийн ОХУ) руу гэнэт халдан довтолсон билээ.

Зөвлөлтийн болон Оросын сурах бичгүүдээр түүхийг судалж байсан хүмүүс бол Аугаа их Эх орны дайн хэзээ, юунаас болж эхэлснийг тов тодорхой мэднэ. Тэгвэл 1941 оны зургадугаар сарын 22-ны тухай герман сурагчид хэр мэддэг юм бол?

DW сайтын сурвалжлагч энэ талаар нэлээн ул суурьтай судалсныг сонирхуулья.

Доод Саксонийн Холти гимназийн номын санд түүхэн агуулга бүхий уран зохиолын бүтээлүүд их байдаг бөгөөд зөвхөн шинжлэх ухаан-танин мэдэхүйн ном гэхэд 1730 байв. Тэдгээр номнуудын 9-10 хувьд Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлдэг аж.  DW сайтын хүсэлтээр тус гимназийн захирал Ирина Неме сурагчдын судалдаг түүхийн сурах бичгүүдээс сонирхуулсан байна.

Түүхийн эдгээр сурах бичгүүд дээр 1941 оны зургадугаар сарын 22-ны тухай юу бичигдсэн байдаг бол гэсэн асуулт DW-ийн сурвалжлагчийн сонирхлыг ихэд татжээ. Anno 4 сурах бичгийн 98 дахь хуудсанд “Дэлхийн хоёрдугаар дайн ба түүний уршигт үр дагавар” хэмээх гарчиг харагдан, “Европ руу халдсан нь” бүлгийн  “Дорно зүгийн кампанит ажиллагаа” гэх хэсэгт: “1941 оны зургадугаар сарын 22-нд вермахт Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/ руу довтоллоо” хэмээн өгүүлжээ.  Мөн “Гитлер хэдхэн долоо хоногийн дотор “Барбаросс” төлөвлөгөөг зайлшгүй хэрэгжүүлэн ялах боломжтой хэмээн тооцоолж байсан” тухай сурах бичгийн зохиогчид дурдсан аж.

Түүхийн хэд хэдэн номыг эргүүлж сонирхоход уг асуудлын талаар зарим дээр нь хэт товчхон, эсвэл хэт дэлгэрэнгүй өгүүлсэн байх бөгөөд энэ тухай илүү тодорхой тайлбар авахаар янз бүрийн насны, янз бүрийн газар нутагт амьдардаг түүхийн багш нарт сэтгүүлч хандахаар шийдэн, “1941 оны зургадугаар сарын 22-ны өдрийг герман сурагчид мэддэг болов уу?” гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлсэн байна.

“Германы сурах бичгүүд он цагийн тоололд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Дорно зүгт явуулсан кампанит ажиллагаа гэхэд дайран довтолсон гэж тодорхой дүгнэлт өгсөн байгаа. Тэр бол Гитлерийн Германы зүгээс ЗХУ руу довтолсон урдаас төлөвлөсөн халдлага байсан. 1939 онд Молотов, Риббентроп нар гарын үсэг зурсан, Герман болон ЗХУ-ын хооронд харилцан үл довтлолцох тухай гэрээ байгуулж байсан, мөн “Барбаросс” төлөвлөгөөний тухай тэнд тодорхой дурдагдсан байдаг хэдий ч он тоолол төдийлөн чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж болно. Хамгийн чухал нь Герман эхэлж халдсан явдал” хэмээн Германы түүхийн багш нарын холбооны тэргүүн Петер Йоханнес Дросте өгүүлжээ.

“Германы 16 мужийн зарим нь өөрийн гэсэн сурах бичигтэй байдаг. Зарим газар нутагт тавдугаар ангиас, заримд нь долдугаар ангиас түүхийн хичээл зааж эхэлдэг. Сургалтын төлөвлөгөөний үзэл баримтлал нь түүхэн он тооллоос илүүтэй сэдэвчилсэн чиг хандлага дээр үндэслэнэ. Багш хэд хэдэн сэдвээс өөрийн сонголтоор авч сурагчдад хичээл заана. Жишээ нь, Оросын эсвэл Францын хувьсгалын алиных нь тухай сурагчидтай ярилцахаа багш сонгоно гэсэн үг. Иймд герман сурагчдын түүхийн мэдлэг янз бүр байх бөгөөд сургууль сургуулиараа ялгардаг гэж ч болохоор” хэмээн Германы багш нарын холбооны тэргүүн Хайнц-Петер Майдингер дурдсан байна.

1941 оны зургадугаар сарын 22-ны тухай асуухад, “ЗХУ руу дайрсан явдал уу? Мэдээж байгаа, гэхдээ тэр бол төдийлөн гол сэдэв биш. Харин Гитлер бууж өгсөн, газар нутгийг чөлөөлсөн, дайны төгсгөл зэрэгт ихээхэн анхаарал хандуулдаг. Залуусын мэдлэгийн ихэнх, жишээ нь, Сталинградын тухай гэхэд түүхийн хичээлээс илүүтэй телевизийн нэвтрүүлгүүд, кино, интернет зэргээс хүлээн авсан байгаа. Хичээл дээр энэ сэдвийг төдийлөн гүнзгий заахгүй, тэгээд ч Дэлхийн нэг, хоёрдугаар дайны талаар германы сурах бичгийн төлөвлөгөөнд өнгөцхөн тусгагдсан байдаг. Харин Холокост /бөөнөөр хомроголон устгасан явдал/, дайны дараагийн он жилүүдийн тухай дэлгэрэнгүй судалдаг хэдий ч яг дайны үеийн үйл явцын талаар хүүхдүүд төдийлөн их зүйл мэдэхгүй. Ямартаа л Скандинавын хойг дээр амралтаар явж байхдаа тэнд герман цэргүүд дарангуйлж байсныг сонсоод гайхаж байхавдээ” гэж тэрбээр нэмэн өгүүлжээ.

Сурах бичгүүд дээр Дэлхийн хоёрдугаар дайны явцын талаар өнгөцхөн бичигддэг хэдий ч вермахтын цэргүүд хэрхэн гэмт хэрэг үйлдэж байсан тухай эх сурвалж болгож авагдсан материалууд дээр тодорхой баримтттайгаар үзүүлж, дайныг нүдээр үзсэн хүмүүсийн ярилцлагатай ч танилцаж болдог талаар Холти гимназийн багш Ангела Зенст тэмдэглэсэн байна. Өнгөцхөн бичигдсэн текстийг хурц агуулга бүхий үзүүлэнгээр дагалдуулдгийн нэгэн тод жишээ бол Klett хэвлэлийн газраас гаргасан сурах бичиг дээр Гитлер, Сталин хоёрын хуримыг дүрсэлсэн шог зураг юм.

Уг зураг анх 1939 оны аравдугаар сард америкийн Washington Star сонинд хар-цагаан хувилбараар нийтлэгдэн, түүнийг зурсан Клиффорд Берримен “Энэ хоёрын Бал сар хэдий хүртэл үргэлжлэх бол?” гэсэн тайлбарыг хавсаргаж байв. 

Дэлхийн хоёрдугаар дайн орос болон герман сурах бичгүүдэд маш ялгаатай дүрслэгддэг аж. “Оросод олон тооны баатарлаг үйлс, баатруудын талаар түүхийн сурах бичигт хангалттай өгүүлж, энэ сэдвийг бараг хоёр сар судалдаг бол Германд эсрэгээрээ дайны үйл явцын тухай ердөө л 1-2 цагийн хичээл ордог” гэж Майдингер өгүүлжээ. 

“Түүхийн хичээлээр сурагчдад олгох хамгийн чухал мэдлэг бол дайны хор хөнөөлийг тэд гүнзгийлэн ухамсарлаж, цаашид дайн хэзээ ч бүү гараасай гэх чин хүсэл эрмэлзлэлийг тэдэнд суулгах явдал. Гитлер бүр 1937 онд ЗХУ руу халдахыг хүсэмжилж байсан эзлэн түрэмгийлэгч гэдгийг сурагчдад ойлгуулах нь гол зорилго” хэмээн Петер Йоханнес Дросте онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.169) 2021 оны 06 сарын 30

Гитлер дэлхийг эзлэхийг хуссэн ч боломжгуй юм.Тууний харгислалд Аугаа ЗХУ том хаалт болж фашизмын харгислалаас дэлхийг чухамдаа Оросууд л аварч бид одоо эсэн мэнд амьдарч байна даа.Нацист герман дэлхийг дэвслэхийг л хуссэн юм гэвч ялагдлаар дуусч тэдний аллага, харгислалд Оросууд цэг тависнаар дайн дуусч, энх тайван цаг бидэнд ирсэн дээ.Энэ сайхан цагийг цусаараа амь насаараа агуу баатарлалаараа авчирсан Оросууддаа маш их губ талархлаа илэрхийлье.

0  |  3
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 27

Гитлерийн хамгийн гол алдаа нь Оросруу довтолсон явдал. Тэгээгүй бол европыг хаанчилж социализмыг булшлах байсан. Гэхдээ жамаараа болсон.

0  |  0
U(5.231.148.203) 2021 оны 06 сарын 26

Nachrichtenquelle?

0  |  0
Top