NEW 76 | Үл үзэгдэгч

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

УИХ-ын дарга асан М.Энхболдын найдвартай ар тал гэх Ж.Батжаргал УИХ-ын гишүүнээр сонгогдон ирээд байгаа. Өдгөө бүрэн эрхийнхээ хугацааг бараг хугсалж яваа эрхэм гишүүний бараа сүрийг түмэн олон тэр бүрий хараагүй гэхэд болно. Ямар сайндаа түүнийг “Үл үзэгдэгч” гэх болжээ. Өнөөдөр цар тахал, хөл хорио гээд УИХ-ын чуулганы хуралдаан болон гишүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа ч нөхдүүд өөр өөрийнхөө хэмжээнд хөдөлж л байна. Гагцхүү мань эр сураг ч үгүй, зураг дүрс ч үгүй л байх аж.

Ж.Батжаргалын хувьд төр захиргааны байгууллагад анхан шатнаас эхлэн ажилласан туршлага зузаан нөхөр юм билээ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт буюу 1990 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хаан” банканд эдийн засагчаар ажлынхаа гарааг эхлүүлж, 1991 онд Баян-Өнжүүл сумын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар томилогдон их улс төрд хөл тавьсан түүхтэй. Энэ цагаас хойш улс төрийнх нь карьер тасралтгүй өсөж, 2016 оноос 2020 он хүртэл Төв аймгийн Засаг даргаар ажилласан байдаг. Төв аймаг хэмээх жижигхэн суурин Улаанбаатар хотын сүр бараанд дарагдаж, хаяа хязгаар ч тэлдэггүй газар. Тиймдээ ч үйлдвэрлэл, үйлчилгээ байхгүй, хөгжил тааруу аймгуудын тоонд зүй ёсоор ордог.

Гэтэл Ж.Батжаргал “Бид бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч аймаг болох замаа тавьж чадлаа” хэмээн хэлсэн байдаг. Аймгийн дарга байхдаа ийн хэлж байсан бол өдгөө үйлдвэрлэгч аймаг болсон зүйл алга. Төв аймаг өрсөлдөх чадвараараа байнга л сүүл мушгиж ирсэн аймгуудын нэг бөгөөд 2016 онд 17-д, 2018 онд 18-д, 2019 онд 16-д, 2020 онд 15-д тус тус жагссанаас харахад Ж.Батжаргалын ажлын нэг үзүүлэлт харагдах байх. Өөрөөр хэлбэл Ж.Батжаргал ямар хэмжээний Засаг дарга байсныг төвөггүйхэн гэрчилнэ. 

“Үл үзэгдэгч” маань 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны хяналтын байцаагч, 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар гэх мэтээр арав гаруй жил сумандаа ажиллаж байгаад 2002 онд Төв аймгийн Иргэдийн хурлын даргаар өгсөж ирсэн нөхөр. Төрийн албаны дадлага туршлагаар бол зузаан төдийгүй анхан шатнаас ажиллаж байсан гэхээр парламентын түвшинд гарцаагүй хэрэгтэй хүн. Даанч бодлого шийдвэрт оролцдоггүй нэг “Үл үзэгдэгч” болчихоод байгаа нь хачирхалтай. “Сахил хүртээд шал дордов” гэгчээр УИХ-ын гишүүн болсон цагаас хойш түүний улс төрийн идэвх ийн буурчээ. Аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаар ажиллаж байхдаа төвийн хэвлэл мэдээллээр чамгүй үзэгдэж, хийсэн бүтээсэн ажлаа ярьдаг байсан бол өдгөө чимээ алга болжээ.

Ингэхдээ аймгийн хурлын даргаар 10 жил ажиллаж, 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байгаад Засаг даргаар дэвшин ирсэн юм. Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны компаниудтай “тулж” ажилладаг гэх. Тиймээс тэдэнтэй халаас, хэтэвчний садан ч болсон байх магадлалтай гэх хардлага байнга явдаг байв.

Хэдэн жилийн өмнө “Эко Алтан заамар” компанид хууль бус асуудал гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг холбог­дох яамнаас өгсөн ч Засаг дарга Ж.Батжаргал цуглуулж чадаагүй гэдэг. Ийн шалтгаан нь тус компанийн зөвшөөрлийг нь үзэглэж өгсөн учраас ажил хэрэг болгож чадаагүй гэх яриа ч бий. Энэ мэтээс харахад олны хардлага оргүй зүйл ч биш байх. Тэрээр насаараа нам, төрд зүтгэсэн учраас бизнес байхгүй гэдэг ч чамгүй орлоготой дарга нарын тоонд ордог байсан нь ч учиртай л байх.

Нүдээрээ харж үзсэн биш барин тавин мэдэх юм алга. Яахав, аймаг удирдана гэдэг амаргүй бөгөөд хэтэвч зузаан байх шаардлага бий. Тэр тусмаа УИХ-д нэр дэвшинэ гэдэг хөрөнгөтэй хүний л хийх ажил. Тэгэхээр олон түмний хардлага зөв ч байж болох юм. Засаг даргын цалингаар сонгууль хийнэ гэж байхгүй шүү дээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал жилдээ 100 гаруй сая төгрөгийн орлоготой, 160 сая төгрөгийн хоёр орон сууцтай. 141 сая төгрөгийн малтай хэмээн даруухан мэдүүлжээ. Тэр социалист нийгмийн үед Зуунмод сумын хоёрдугаар дунд сургууль, 1990 онд МУИС-ийг Банкны эдийн засагчаар төгсөж, суманд Байгаль орчны байцаагчаар ажиллаж байх үедээ буюу 1996 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн даруйд сумынхаа Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын дарга болж байжээ.

Түүнийг орон нутагт, улс төрд байнга өгсүүлж, шат ахиулж байсан хүн нь УИХ-ын дарга асан М.Энхболд гэдэг. Өнгөрөгч 2020 онд М.Энхболд Төв аймагт өрсөлдөх боломжгүй мултарсан ч өөрийн ар тал болох Ж.Батжаргалд мандат авч өгөхөд нөлөөлсөн гэдэг.

Нэгэнт л парламентын гишүүн болсон учраас дандаа “Үл үзэгдэгч” байлтай биш. Хамгийн сүүлд тэр Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэсэг гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн байх шүү. Уг төслөөр ажил олгогч, даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9,5 хувийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8,5 хувь болгож, бууруулах зохицуулалттай юм билээ. Өнгөрөгч 2019 оны эцэст Төв аймгийн хүн ам 100 мянгад хүрсэн тухай мэдээлэл хийх үеэрээ “Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж ярьдаг. Харин Засаг даргын хувьд энэ тоо хийх ажил, шийдвэрлэх асуудал улам бүр нэмэгдэж байгаа”-г сануулж байсан ч тэрээр рейтингээ эвтэйхэн хадгалж байгаад УИХ-руу дэвшээд явчихлаа.

Ингэхдээ “Мэдээж хэрэг манай Төв аймаг өгөгдөл сайтай. Улсынхаа төв хэсэгт өөрийн газар нутагтаа нийслэлээ багтааж байршсан аймаг учраас аймгийн чадамж, бололцоо ихтэй. Үүнийг зөв ашиглаж чадвал хөгжлийн цаг хугацааг нааш татах бүрэн бололцоотой. Яг бидний хажууд Монгол Улсын нийслэл, хамгийн том зах зээл байна. Энэ зах зээлд хэдий хэмжээний ахиу бүтээгдэхүүн гаргаж нийлүүлж чадна тэр хэмжээгээрээ эдийн засгаа тэлэх боломжтой. Тиймээс бид бүх түвшиндээ ажлын бүтээмжээ сайжруулж, хийж чадах бүхнээ хамгийн сайнаараа хийж боломжоо өөрийн болгож чадна” хэмээн ам бардам хэлж байсныг санаж байна. Харин ам ажлын зөрүү гарсан эсэхийг өнөөгийн Төв аймгийн нөхцөл байдал хэлээд өгнө биз ээ.

Ямартай ч Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн”, 2018 оны “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил”, 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил”, 2020 оныг “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жил” болгон зарласан ч энэ хүрээнд төдийлөн өөрчлөлт гараа­гүй л болов уу. Гэхдээ өнгөрсөн хугацаанд 101 үйлдвэр, ААН-ийг шинээр байгуулсан гэх баримт байдгийг дурдах хэрэгтэй.

Уг нь Төв аймгийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бол бий. Юуны өмнө Майдар хотыг ашиглалтад оруулах, Мөнгөнморьтоос Баянцагаан хүртэлх Хэрлэнг дагасан Хүннүгийн хийгээд их эзэнт гүрний түүх соёлын өвийн дурсгалт газрууд байна. Түүхийн энэ дурсгалт газар, үнэт өвүүдийг аялал жуулчлалын эргэлтэд оруулах шаардлага байсан ч хөдөлгөж чадаагүй. Аглаг бүтээлийн хийд, Хустайн байгалийн цогцолбор газар зэргийг бүрэн чадамжаар нь аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэхээс эхлээд боломж бий. Нөгөө талаар уламжлалт мал аж ахуй гэж зүйл байна. Тэгэхээр Ж.Батжаргал гишүүн энэ бүгдээ парламентын түвшнээс гүйцэтгэх байх гэсэн найдлага хаа хаанаа бий. Хамгийн гол нь парламентад ирсэн даруйд “Үл үзэгдэгч” гэх нэр авчихсан сууна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.63) 2021 оны 07 сарын 31

Ах дүү найз хүүхнүүдээ их өөд татдаг хүн дэ .Нутгийн дүү Батжаргал нь өмчийн газрын дарга тэгээд тендер будилуулж өгнө бичиг цаас сольж .Мөн залуучуудад худлаа амлаад ажилаа хийлгээд л хаяна хүн чанар гэж зүгээр хөлийн чигчий хуруу ккк.Одоо их хуралд аймгийн дарга хүн загнаж бгаа өнгө аясаа солиогүй л үг хэлж бна лэ .Хөдөөгөөрөө хөөрхий .Орлогч даргаа 70 саяар тавьж байсан хүн гэж намын нөхдүүд нь ярьдаг .Найз хүүхнийхээ сонгуулийн зардалыг бүрэн даадаг давуу талтай гэсэн харин.хурлын дарга засаг дарга хийгээд аймаг нь төрсөн сум нь хөгжөөгүй өөрөө л хөлжисөн байх да .Орондоо өөрийн хүнээ үлдэ

0  |  0
да(202.9.47.21) 2021 оны 07 сарын 05

Зүүдэнд орохоор муухай мангас байна.Ми данжаадын хошного уу?

0  |  0
иргэн(49.0.156.21) 2021 оны 07 сарын 31

Төв аймаг 1 үзүүлэлтээр ёстой толгой цохиж явна шүү. Харамсалтай нь ковитээр өвчлөгчдийн тоогоор.

1  |  0
Зангараг(202.179.25.125) 2021 оны 07 сарын 05

Чоно борооноор гэдэг шиг ковидын хэцүү цаг үеийг далимдуулан улсын сан хөмрөг, нийтийн баялаг, иргэдийн татвараас бүрддэг төсвөөс хусах гээд завгүйчүүдийн нэг болоо биз. Таахад хэцүү биш.

0  |  0
Top