Уитни Хьюстон: Би ганцаардмал гэдэг ханаар өөрийгөө тусгаарласан вант улсын эзэн

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 03

Маш харамсал­тайгаар дэлхийн сая сая шүтэн бишрэгчдээ орхин одсон Уитни Хьюстоны дуулсан дуу бүр биднийг алмайруулдаг байв. Түүний бүтээлүүд олон мянган сонсогчийнх нь дунд хит болж чаддаг байлаа. Хөгжмийн ертөнцийн хамгийн гайхамшигтай дуучин 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Лос Анжелосийн Беверли Хилтон дахь зочид буудлын өрөөнд нас барсан юм. Түүний 2012 оны нэгдүгээр сарын 8-нд буюу нас барахаасаа сарын өмнө "Мюзик" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та их турсан харагдаж байна. Зүгээр үү?

-Би зүгээр ээ. Ер нь би их туранхай. Хэзээ ч тарган байж үзээгүй.

-Гэхдээ энгийн нэг туранхай биш. Таны яснууд хэрзийчихсэн байна шүү дээ?

-Би чиний юу гэж хэлэх гээд байгааг бараг  л ойлгочихлоо.

-Хоолны дуршилгүй болсон эсвэл хар тамхи хэт их хэрэглэснээс болсон байх?

-Яг үнэндээ би ямар ч хоолны дуршилгүй болсон. Магадгүй энэ мансууруулах бодисноос ч болсон байж магадгүй.

-Таны уран бүтээлд бүтэн долоон жилийн завсарлага гарсан. Харин хоёр жилийн өмнө та шинэ цомгоо бичүүлсэн. Эргээд тайзнаа ирэхэд юу нөлөөлсөн бэ?

-Үүнийг би өөрийнхөө л төлөө хийсэн юм.  Хүмүүст аз жаргал, баяр баясгалан бэлэглэж буйгаа мэдрэхийг хүссэн. Миний хоолой урьдынх шигээ биш болсныг би мэднэ. Гэхдээ би хэвэнд нь оруулахын  тулд хичээж байгаа.

-Та амьдралынхаа тун амаргүй үеийг даван гарч чаджээ?

-20 жилийн өмнөөс хар тамхины асуудалтай тулгарсан. Янз бүрийн л хогийн юм болж байлаа. “Бие хамагалагч” киноны дараагаар би хүсээгүй хэрнээ кино од болчихсон. Гэтэл охиноо өсгөж, хүмүүжүүлэх хэрэгтэй байлаа. Тэр үед нөхөртэй холбоотой асуудлууд ундарч эхэлсэн дээ.

-Бобби таныг хар тамхинд оруулсан гэж яригддаг юм билээ?

-Тэр өөрөө миний хар тамхи байсан. Хэрвээ тэр байгаагүй бол миний амьдрал ч байхгүй байсан биз. Заримдаа бүр килограммаар нь хар тамхи авдаг байж гэж боддог. Би нөхөртөө ухаангүй дурласан. Гэхдээ жаргалтай байгаагүй. Би нөхрийнхөө төлөө зүтгэсээр өөрийгөө алдсан. Эрчүүдэд өөрөөсөө илүү амжилт олдог эхнэртэй байх хэцүү байдаг. Иймээс л би бүтэн долоон жилийн турш гэртээ амаа хамхиж суусан юм.

-Гэвч та гэр бүлийн амьдралаа аз жаргалтай юм шиг харагдуулахыг их хүссэн шүү дээ?

-Тийм ээ, бид хоёрыг хамтдаа 10 минут ч байж тэсэхгүй гэж олон хүн хэлж байсан. Гэтэл бид  бүхэл бүтэн 10 жил хамт амьдарсан. Хамгийн гол нь Бобби согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээрээ огт танихгүй, хэрцгий нэгэн болчихдог байлаа. Тэр намайг маш их гомдоодог болсон. Дараа нь тэр гэртээ хаа сайгүй аймшигтай нүд зурах болсон.  Би “Бурхан минь, энд юу болоод байгаа юм бэ” гэж олон удаа асууж үзсэн. Харин дараа нь миний төрсөн өдрөөр тэр надад гар хүрсэн. Түүний нүднээс би үзэн ядалт олж харсан. Би охиноо аваад гэрээс явах гэтэл тэр намайг хана руу түлхэж унагаасан. Босох гэтэл утас аваад толгой руу цохьсон. Үүнийхээ дараа өөрөө ч унаад өгсөн. Харин үүний дараа би охиноо аваад л  явсан даа.

-Тэгээд та хар тамхинаас тайтгарал хайх болсон юм уу?

-Хамгийн аймшигтай  чөтгөр миний дотор байж таарсан. Бобби зүгээр л тэр чөтгөрийг сэрээсэн. Би өөрийнхөө хамгийн сайн найз бас хамгийн аймшигтай дайсан болж хувирсан. Би өөрөө өөрийгөө алсан. Би яг л амилсан чөтгөр шиг байлаа. Гэхээ бурхан тэнгэр надтай байж, тусалж эргүүлж  энгийн сайхан амьдралд авчирсан. Би мөдхөн бурхантай уулзах байх гэж боддог. Тэгээд тэр намайг өршөөнө.

-Та хар тамхинаас гарсан ч гэсэн сэтгэлийн хямралаас болж шаналах болсон уу. Майкл Жексоны үхэл танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би Майклыг үгүй болсон гэдэгт итгэж чаддаггүй. Тэр л биш шүү. Үнэндээ би үхэхийг хүсэхгүй байна. Жексоныг өвчин намдаагч хэрэглэдэг гэдгийг би мэдэж байсан ч тийм гүнзгий орчихсон гэж бодоогүй. Уг нь Майкл энэ зуршлаасаа ангижирч чадах л байсан. 2001 онд тэр намайг аймшигтай царайгаараа хэрхэн айлгасныг тодхон санаж байна. Би түүнийг хараад “Хэзээ ч ийм болохгүй шүү” гэж залбирч байлаа.

-Та дуулж байхдаа дуулахыг тань сонсож буй хүмүүс царайны ямар хувирал гаргадгийг анзаарч хардаг уу?

-Би дуулж байхдаа нүдээ аньдаг. Үнэндээ би тайзан дээр дуулахдаа маш их айдаг. Дуугаа дуулж дуусаад нүдээ нээхдээ хүмүүсийн баярласан аз жаргалтай царайг олж хардаг.

-Та үхэхээс айж байна гэлээ. Гэхдээ хүн бүр цаг нь ирэхээр явдаг шүү дээ?

-Би зүгээр л маш их айж байна. Би нэг удаа Коста Костнерт энэ тухайгаа хэлэхэд тэрбээр яагаад намайг ийм юм ярьж байгаа талаар асуугаад “Чи дэлхий дээрх цор ганц дуулж чаддаг хүн” гэж билээ.

-Таныг их ганцаардмал хүн гэж ярьдаг. Ганцаардлын гайхамшиг нь юу вэ?

-Энэ асуултад би олон удаа хариулж байсан. Хүн болгон л намайг ганцаардмал, найз нөхөдгүй гэж ярьдаг. Би ганцаардмал гэдэг ханаар бусдаас өөрийгөө тусгаарласан вант улсын эзэн. Хэн ч миний энэ ханыг нурааж чадахгүй. Учир нь,  олон найз нөхөдтэй хүний дэргэд би ямар ч асуудалгүй амьдарч чадаж байгаад оршино. Энэ нь ганцаардлын гайхамшиг.

-Тэгвэл ганцаардлын аймшиг нь юу вэ?

-Шууд хэлэхэд ганцаардалд аймшиг гэж байдаггүй. Гэхдээ миний хамгийн их хүндэлж явдаг хүн таалал төгсөхөд л би ганцаардлын аймшгийг мэдэрсэн.

-Та домогт дуучин Майкл Жексоныг яриад байна уу?

-Мэдээж. Тэр зөвхөн домогт дуучин байгаагүй. Дэлхийн хөгжмийн ертөнцийн хаан нь байсан юм. Биднийг зарим нэгэн хэвлэлд хайр сэтгэл, янаг амрагийн холбоотой гэж бичдэг байлаа. Үүнд Майкл их баярладаг байсан юм шүү. "Ийм сайхан бүсгүй, агуу дуучинтай нэр холбогдоно гэдэг нэр төрийн хэрэг" гэж хүртэл хошигнодог байсан. Өнөөдөр тэр бүгдийг эргээд санахад сэтгэл уймарч, уйлмаар санагдаж байна. Энэ бол ганцаардлын жинхэнэ аймшиг.

-Таны босгосон ганцаардлын ханыг яаж нураах вэ?

-Энэ хана намайг үхсэн цагт л нурах байх. Ер нь хүн амьдралдаа их олон найзтай байгаад хэрэггүй. Учир нь хэзээ нэгэн цагт хэсэг нь чамаас урваж таарна. Түүний оронд цөөн тооны чанартай найзтай байсан дээр. Ядаж нэг нь урвалаа гэхэд нөгөө хэд нь чамайг хамгаална шүү дээ. Би ийм зарчмаар л амьдардаг. Цаашдаа ч энэ зарчмаараа амьдрах болно.

-Та"Тайзан дээр гарах үедээ л ганцаардлаа мартдаг" гэж ярьсан байсан?

-Миний дууг сонсдог хүн  бүр "Уитни" гэж хашгираад, миний дууг түрэн дуулж байхад би яаж ганцаардах юм бэ. Тийм болохоор л би "Тайзан дээр гарах үедээ л ганцаардлаа мартдаг" гэж хэлсэн. Мөн гадуур явахад хүн болгон толгой дохиж мэндлээд, зарим нь ирж гарын үсэг зуруулах, хамт зургаа авахуулахад "Би хэн юм бэ" гэж өөрөөсөө асуух үе гардаг. Даанч хариултыг нь олж чаддаггүй юм.

-Хөгжмийн урлагт хөл тавьсан цагаас чинь л таныг Майкл Жексоны "халаас"-ны дуучин гэж ярьж ирсэн. Та үүнд өнөөдрийг хүртэл дорвитой хариулт өгөөгүй?

-Би тэгж ярьж байгаа хүмүүсийг үнэндээ гайхдаг. Тэдний бодлоор би өөрт байгаа авьяасаа хэн нэгний халааснаас олж авсан байх. Та сэтгүүлчийн авьяасаа эрхлэгчийнхээ халааснаас олж авсан уу, үгүй биз дээ. Яг үүнтэй адил миний дуулах авьяас, ур чадвар хэн нэгний халаасанд байна гэдэг утгагүй. Би Майклтай дотно сайхан найзын харилцаатай байсан. Яг үнэнийг хэлэхэд би түүний үнэнч шүтэн бишрэгч нь юм шүү дээ. Миний ээж "Чи өөрөө л өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдэж байвал хүмүүс чиний талаар худал юм ярьсан ч бүү тэмц" гэж хэлсэн. Тиймээс би өнөөдрийг хүртэл энэ ярианд дорвитой хариулт өгөөгүй.

-Уитни Хьюстон гэдэг хүн эрчүүдийн тухай ямар бодолтой явдаг бол?

-Бидний амьдарч буй эрин зуунд эрчүүд нь илүү давамгайлж байна. Улс төр, спорт, урлаг соёл гээд бүгдэд нь манлайлж байна. Би энэ эрчүүдийн ертөнцөд эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Эрэгтэй хүнийг яг ийм байгаасай, тийм байгаасай гэж ярих дургүй. Ямар надад таалагдах гэж бурхнаас заяасан араншингаа өөрчлөлтэй нь биш.

-Охин чинь хэзээ нэгэн цагт хүний бэр болоод яваад өгнө. Тэр үед танд ямар мэдрэмж төрөх бол. Энэ талаар бодож байсан уу?

-Энэ тухай би бодож байгаагүй. Гэхдээ охиныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдгээ л мэдэж байна. Миний охин бол ээжийнхээ амьдралын үргэлжлэл.

-"Би одоо шувуу болсон" гэж Нью-Йорк хотод аялан тоглолт  хийх үеэрээ хэлсэн. Энэ үг зарим хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байх. Яг ямар утгаар энэ үгийг хэлсэн юм бэ?

-Энэ үгийг би зүгээр ч нэг хэлээгүй. Өөрийн тань хэлдгээр зарим нэгэн хүнд таалагдаагүй нь үнэн. Ямар сайндаа л "Уитни өөрийгөө дэндүү эрт булшилчихлаа" гэж бичиж байх вэ дээ. Муу ёрлож байгаа юм биш. Би энэ хорвоогоос явлаа гэж бодоход шувуу болохыг л хүсдэг. Тэгээд л тэр тоглолт дээр сэтгэл хөдөлсөн дөө "Би одоо шувуу болсон" гээд хэлчихсэн юм.

-Тэгвэл үхлийн дараа амьдрал байдаг гэдэгтэй та санал нийлдэг гэж ойлгож болох уу?

-Бололгүй яахав. Нөгөө ертөнцөд очсон миний бүх анд хаа нэгтээ дуугаа аялаад явж л байгаа. Би үүнд ерөөсөө ч эргэлзэж байгаагүй. Хэрвээ миний цаг боллоо гэж үзвэл хүссэн ч хүсээгүй ч бурхан намайг аваад л явна. Харин бурхан дуудтал үлдэж байгаа хүмүүст аз жаргал бэлэглэх юм л бүтээе гэж боддог.

-Таныг юу аз жаргалтай болгодог вэ?

-Тайз, хөгжим, дуу гурав. Энэ гуравгүйгээр би хэзээ ч амьд явж чадахгүй. Хөгжимд дуртай гэр бүлд өссөн шүү дээ. Үргэлж надад хань болдог нь  микрофон минь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top