Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманыг Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин долоодугаар сарын 24-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш – АНУ-аас өндөр түвшний төлөөлөгч айлчилж байгаа нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед ч талууд хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгахад анхаарч байгаагийн илрэл юм гэв.
Хатагтай У.Шерман Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, улсын баяр наадмаа тэмдэглэж буй зэрэг олон үйл явдал зэрэгцсэн үеэр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, АНУ нь Монголын ардчиллыг бататган бэхжүүлэхэд урьдын адил дэмжсээр байх болно гэдгээ нотлон, монголын цэргүүд Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд хамтран алба хаасанд талархал илэрхийлэв.
Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, МСК-ын II компакт гэрээ, Ил тод байдлын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Мөнхжин монголын залуучуудыг АНУ-д суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх тухай саналыг ТНБД-ын орлогчид тавив. Мөн талууд цар тахлын үеийн дэлхий дахины байдал, вакцинжуулалт болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
АНУ МОНГОЛЫН УРВАГЧИД, АВИЛГАЧДЫГ МОНГОЛЫН ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ НЬ АВИЛГАТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛД ИХ ХУВЬ НЭМЭР БОЛОХ ЮМ ШҮҮ...........