УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар АН-ын Онц их хурлыг хуралдуулахын тулд 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.07.26/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эв нэгдэлтэй АН санаачилгын хүрээнд намаа нэг дарга, тамгатай болгох зорилгоор Онц их хурлыг хуралдуулахыг шаардаж, 100 мянган гишүүнээс гарын үсэг цуглуулах ажил амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Зарим нэг аймагт ковид-ын дэглэмтэй холбоотойгоор зогсонги байдалд орсноос гадна зарим аймаг, дүүрэг дээр дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурах үйл явцыг бойкотлож байгаа. Манай нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, улмаар нэг нь нөгөөдөө дэгээ тавих замаар сонгуулиар хариуцлагагүй оролцож тавхан хувийн санал авсан. Энэ нөхцөл байдал УИХ-ын нөхөн сонгуулиар ч давтагдаж болзошгүй байна. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, албан бичиг өгөх ёстой. Гэтэл манай нам эв нэгдлээ одоог хүртэл хангаагүй байгаа учраас дахин хоёр албан бичиг өгөх болчихоод байна. Ингэснээр МАН-ын мэхэнд орно. Тэд үүнийг л хүсэж байгаа. Өөрсдийнхөө дотоод асуудлыг өөрсдөө шийдэх болохоос бусад нам шийддэггүй юм. Их хурлаа хуралдуулж, асуудлаа нэг тийш нь болгож, нэг нэр дэвшигч дэвшүүлэх ёстой. Энэ нь АН-ын сэргэлт болох юм. Мөн ирэх сонгуульд амжилттай оролцохын гол цэг болно. Тиймээс дарга нар зохион байгуулалтад орохыг хүсэж байна. Та нарын амбиц хэрээс хэтэрлээ” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Наад намаа тараа