Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж энэ оны сүүл, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдгийг тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүд урагшилж байгааг дурдаад БНСУ-ын Засгийн газраас олгож буй “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих” төслүүд, түүнчлэн “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Талууд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр логистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс боловсруулах үйлдвэр, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр болон дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, БНСУ-ын ЭКСИМ банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )