Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украинд хийх айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарын Украин улсад хийх төрийн айлчлал зургадугаар сарын 26-ны өдөр тус улсын Львов хотоос эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон дагалдан яваа төлөөлөгчдийг Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд В.А.Майко, Киев хотын захиргааны дарга М.И.Кучук, Украин Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.В.Костенко, Дээд Радын ТГ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны газрьн дарга КО.Третяк болон албаны бусад хүн угтлаа. Ерөнхийлөгч өнөөдөр Львов хотын Петра Сагайдачны нэрэмжит Украин Улсын Хуурай замын цэргийн академид зочилж, багш, сонсогчидтой уулзалт хийнэ. Мөн Украин Улсын Хуурай замын цэргийн академийн захирал, дэслэгч генерап П.П.Ткачук Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарыг хүндэтгэн зоог барина. Ерөнхийлөгчид Львов хотын мужийн захирагч М.Цымбалюк бараалхах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд, Монгол, Украины Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр болон албаны бусад хүн дагалдаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top