Н.Энхбаяр: Санал нэгдвэл аль ч улс төрийн хүчинтэй хамтарна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Улсын дээд шүүхээс нэр бүртгүүлэх эрхээ өнгөрөгч баасан гарагт авсан МАХН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ.

Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, тус намын дэд дарга Ц.Шинэбаяр, намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, намын хуулийн зөвлөх О.Баасанхүү, намын бусад гишүүд дэмжигчид оролцлоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ, МАХН-ын нэрийг бүртгэх асуудал олон сар дуншлаа. Намын нэрийг бүртгүүлэхгүй гэх МАН толгойлогчтой хэсэг хүмүүс янз бүрээр саад хийсэн ч Монголын хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд асуудлыг шударгаар шийдлээ гэж үзэж байна. Энэ өдрөөс хойш бид улам эрчтэй ажиллах болно. Нам бүртгэх нь техникийн чанартай атал улс төрийн шинж чанартай болгосон. Цаашид бид дан ганцаараа бус, улс төрийн бусад хүчнүүдтэй хамтран ажиллах болно гэсэн юм.

Харин аль улс төрийн намтай хамтарч ажиллах талаарх сэтгүүлчдийн асуултад, "үүнийг тааж хэлэх боломжгүй. Таван толгойг 100 хувь ард түмний өмчид өгөх, Оюу толгойн гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, 2008 оны 7 дугаар сарын 1-ний буруутныг олж тогтоон хариуцлага хүлээлгэх, Сонгуулийг луйваргүй явуулахад санал нэгдвэл аль ч улс төрийн хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.

Мөн тэдний хэлж байгаагаар намууд боловсон хүчний хомсдолд оржээ. Наад зах нь мэдлэгтэй хуульчид байхгүй байгаа аж. Үүнээс болж том том гэрээнүүд дутуу дулимаг болж байгаа аж. АН гэхэд 2020 оноос наана мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж чадахгүй гэсэн. МАН-ын хувьд гэхэд намын боловсон хүчнээ нам тойрон хүрээлэгчдээс томилж байна гэж намын дэд дарга Ц.Шинэбаяр хэллээ. Иймд Монгол Улсын хүний нөөцийн "Алтан сан" бүрдүүлэх болно. Мэдлэгээс-мэргэшил, мэргэшлээс бүтээмж рүү гэсэн зарчмаар явна гэж тус намынхан мэдэгдэж байна.

Түүнчлэн тэд МАХН-ын хийж хэрэгжүүлэх ажил болоод, улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагад хандан уриалга гаргаснаа дуулгасан юм. Уг уриалгад, манай нам байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбогдуулан МАН-ын зүгээс явуулж буй увайгүй үйл ажиллагаа, хийж байгаа хариуцлагагүй мэдэгдэлд харамсч буйгаа илэрхийлж, хууль ёсыг сахиж, улс төрийн өндөр ёс суртахууныг баримтлан, олон ургальч үзэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, МАХН-ын эсрэг санаатайгаар явуулж байгаа хууль бус, ёс зүйгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг МАН-аас шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх ёстой ч эрх баригчид хууль ёсыг уландаа гишгэж, ёс суртахуунгүй авирлаж байхад ямар ч хариуцлага хүлээдэггүй атал иргэд шударга ёсны төлөө үнэн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагааг засуулах гэж шүүмжилснийхээ төлөө элдвийн дарамт, шахалтад орж, зүйл бүрээр хавчигдан хэлмэгдэж байгааг МАХН эсэргүүцэн буруушааж байна" гэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top