Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах намар Засгийн газарт халтай байдаг. 2017 онд М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсаны дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч байв.
Одоо хэдийгээр У.Хүрэлсүх ялалт байгуулж Ерөнхийлөгч болоод байгаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ намар унадаггүй юм гэхэд ганхахгүй өнгөрнө гэж байхгүй. Аливаа лидер Ерөнхийлөгчийн сонгуульд явснаараа дэвшин арилж байгаа хэрэг л дээ. Ялагдсан бол хариуцлага хүлээнэ, ялбал тэртэй тэргүй намд хамаагүй нэгэн болно. Тийм болохоор өвлүүлж үлдээсэн эрх мэдлийг нь задлах гэсэн бүлэг фракцууд идэвхжиж эхэлдэг гэсэн үг. Яг л энэ зарчмын дагуу ирэх намар Засгийн газрыг нэлээд оролдох нь тодорхой байна. Сүүлийн өдрүүдэд МАН-ын байранд болсон ил далд уулзалтуудаар ч Засгийн газрын асуудлыг хөндөөд байгаа бололтой.
МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд даргаар ажиллаж явсан хүмүүс ч Засгийн газрын сайд нарын заримыг онилон “Огцруулах шаардлагатай” хэмээн мэдэгдээд эхэллээ.
АН-ын талаас Засгийн газрыг огцруулах асуудлыг тавиад явж байна. Энэ хүч ирэх намар 2022 оны улсын төсвийг батлахын наад талд нэгдээд “гал тавих” нь ойлгомжтой. Сүүлийн өдрүүдэд гэнэт дэлгэгдээд байгаа цагдаа нарын зүй бус харилцаа гаргасан бичлэг, машинаар хүн дайрсан гэмт хэргийг улс төрийн намтай холбож тайлбарлан цацаж байгаа зэрэг бол шархан дээр давс үрж байгаа давхар агуулгатай эд л дээ.
Дээр нь монголчууд тун хэцүү намрыг угтах гэж байна. Шатахууны үнэ гэхэд сарын дотор 600 төгрөгөөр өсчихлөө. Сонгуулиас сонгууль дамнуулж улс төрийн зорилгоор барьж байсан шатахууны үнэ ингээд огцом байдлаар байх ёстой байрандаа ирж байна. Ирэх намрын ургац хураалт, өвлийн идэш дээр энэ үнийн нэмэгдэл өөрийнхөө хувийг оруулж таарна. Ер нь үүнийг дагасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт ч мэдэгдээд эхэлсэн. Аймаг сум хоорондох хүн тээврийн зардлаас эхлээд Улаанбаатар хотын такси үйлчилгээ ч тодорхой хэмжээгээр нэмэгдээд байна. Дээр нь бараа материалын үнэ ялангуяа барилгын салбарт хэд дахин нэмэгдсэн бэ гэдэг асуулт л тавих хэмжээнд өндрөө авлаа. Гадаадад гацсан бараа, гаалийн тээврийн үнийн өсөлтийг Засгийн газрын сайд нар ээлжлэн очиж шийдэх гэж байна гэсэн зар тараан л зөөллөж байгаагаас биш амьдрал дээр яг хэвэндээ л байгаа. Замын-Үүдэд тусгай төлөөлөгч мордуулаад ч, дарга цэргийг нь сүрдүүлээд ч байдал дордож байгаагаас сайжраагүй талаар бизнес эрхлэгчид хэлэх боллоо. Дээр нь хүүхдийн 100 мянган төгрөг, тог дулааны төлбөр тэглэлт гэх мэт нэг талдаа КОВИД-той холбоотой, нөгөө талдаа сонгуулийн халуурал дамжин бий болсон халамжууд он гараад зогсохоос өөр аргагүй. Цар тахал ч олон нийтийн анхаарлыг татахаа больж, улс төрийн элдэв сонгуулийн цикл алсраад байгаа болохоор шүү дээ.
Гол нь энэ үнийн өсөлтүүд, халамж хумих бодлогууд давхцаад ирэхэд ирэх өвөл ард түмний амьдрал ямар болсон байх вэ. Өнөөхөндөө улирлын чанартай ажлууд бага ч гэсэн урагшилж байгаа. Улирлын ажил зогсохтой зэрэгцээд орлогогүй өрхийн тоо нэмэгдэнэ. Хамгийн гол нь Засгийн газрыг солилоо гээд байдал дээрдэх үү гэсэн асуулт юм. Улстөржсөн урт маргаан, эрх мэдлийн шилжилт нь нийтийг хамарсан ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, эдийн засгийн доройтолтой давхацсан тохиолдолд шийдэл нь иргэдийн төлөө байсан гэж үзэх үндэс байгаа юу гэдэгт байна. Тэгэхээр эрх баригчдын өмнө ирэх намар сандал суудал ярих уу, иргэдийнхээ амьдралд анхаарах уу л гэсэн салаа зам харагдаад байгаа юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Бузарууд үхэж далд орвол таарна
АНусийн үг өөрсдөд нь тохирдог, хэлэмгий нь сурамгай гэдэг үнэн үг байдаг. АН байсан бол Монгол өвчний уурхай болж сөнөх байлаа. Монгол хүн амны хишигтэй нь сайхан даа
ан ч 30 гаранхан насандаа бурханы оронд залрах гээд үзэлцээд бна даа яана даа
төрийн албаны шалгуур хангасан хүний нүдэнд тусах хүнийг сайдаар томилж бай. Мөнгө, хэлний шалгуурыг гол болгох нь учир дутагдалтай.
Нүдэнд хүйтэн адгийн новшнууд руу
Эд нар иргэдийнхээ амьдралыг хэзээч бодохгүй. Эрх мэдлийнхээ төлөө л алалцана. Эднээс их юм хүлээх хэрэггүй дээ.
Коммунистууд Засгийн газрыг мөнгө идэх, хулгай залилан хийх таатай орчин гэж үзсээр ирсэн. Тэр нь ч төрөөс төрсөн тэрбумтангуудын замналаар батлагддаг. Төрийн ордонд яг одоо гэмт хэрэгтнүүд бөөнөөрөө сууж байна.
100 насаллаа. Одоо бурханыхаа оронд заларсан нь дээрээ