Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах үндэсний хороотой хамтран энэ сарын 29-ний 18.30 цагаас Төрийн ордонд "Зөгийн үүр" цахим уулзалт зөвлөгөөн хийнэ.
Энэ нь Хөдөлмөр эрхлэлтийн жилийг тохиолдуулан гадаадад байгаа монголчуудтай хийж буй анхны телемост уулзалт бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох юм. "Зөгийн үүр-2011" цахим уулзалтын талаар Хилийн чинадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Ганбаатар нар тодорхой мэдээлэл өглөө.Уулзалтад гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч, ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж ажлын байр бий болгосон, бизнес эрхэлж амжилт олж буй иргэд оролцож санал бодлоо солилцох аж. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дотоодын бүтээн байгуулалтад оролцох, эх орондоо ирж нарийн мэргэжлийн ажил эрхлэхийг тус уулзалтын үеэр санал болгон урих ажээ. Телемостод гадаадын 22 орчим оронд ажиллаж амьдарч, сурч байгаа иргэд оролцохоор болсон байна.
Хамгийн олон монголчууд оршин суудаг БНСУ, АНУ, ХБНГУ-ын ЭСЯ-д уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Өнөөдөр дэлхийн 40 гаруй оронд 116 гаруй мянган Монголчууд ажиллаж амьдардаг. Тэднээс төрийн яам, агентлагууд, төрийн бус байгууллагууд өндөр, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг эх орондоо ирж ажиллахыг урих аж. Төрийн байгууллагад 6700 орчим нарийн мэргэжилтэн хэрэгтэй бөгөөд төрийн бус 17 байгууллага саналаа ирүүлснээс 119 нарийн мэргэжилтний захиалга өгсөн байна. Тухайлбал, НХХЯ-нд дохио, зангааны мэргэжилтэн, ЭМЯ-нд бөөр шилжүүлэн суулгах мэргэжлийн эмч, үр тогтоох мэргэжлийн эмч, ЗТБХБЯ-нд авто зам, нисэхийн салбарт 2700 мэргэжилтэн хэрэгтэй гэсэн захиалга байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )