НӨХӨН СОНГУУЛЬ: АН-ынхан тойргоос гадна үлдэх үү!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж яваа АН-ынхан дотроо хоёр хуваагдаж, эв түнжингүй яваа нь шат, шатны сонгуульд ялагдал хүлээх гол шалтгаан болсон. Үүнийгээ ч АН-ын гишүүд, дэмжигчид хүлээн зөвшөөрдөг.

Одоог хэр нь С.Эрдэнэ, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдсан АН-ын тамга, тэмдэгний хэрүүл үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, тэдний хэн нь хууль ёсны намын дарга байсан, байх гэдэг нь ч эргэлзээтэй хэвээр байгаа юм.

Хамгийн ойрын жишээ л гэхэд, дээрх шалтгаан АН-ыг өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялагдал хүлээхэд гол үүргийг гүйцэтгэсэн.

Хэл ам, хэрүүл тэмцэл дундаас Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлж, өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нийт сонгогчдын ердөө 5.99-хэн хувийн саналыг авсан нь АН-д итгэх иргэдийн итгэл сул байгааг харуулсан.

Тэр ч битгий хэл, нийт 200 мянга гаруй гишүүд, дэмжигчтэй гэж ярьдаг АН-ын талаас илүү хувь нь цагаан сонголт хийж, С.Эрдэнэд саналаа өгөхөөс татгалзсан байдаг. Энэ нь АН-ын дотоод хагарал, хоёр хуваагдал туйлдаа хүрч, эл нам хэсэгтээ сэхэл авахааргүй болсон гэдгийг харуулж байна.

Тэгвэл хоёр хуваагдсан АН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуультай золгох нь тодорхой боллоо.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Сумъяабазар намынхаа даалгавраар гишүүнийхээ бүрэн эрхийг тайлж, Хотын дарга болсон. Харин Хэнтий аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсон тул мөн л УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдсөн билээ.

Ингэснээр парламент 74 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдыг төрд төлөөлөх УИХ-ын гишүүнийг ирэх аравдугаар сард "тодруулах"-аар болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Харамсалтай нь, парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан Хэнтий аймгийн 18 болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн гадна үлдэх нь. Нөгөө талаараа тэд нөхөн сонгуульд оролцлоо ч Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцсон алдаагаа давтах магадлалтай юм. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эл хугацаанд АН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй аваас "тойргийн гадна" үлдэх дүр зураг харагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багабандь(103.80.211.207) 2021 оны 08 сарын 12

С.Эрдэнэ вангийн нам шүү. С.Эрдэнэ л мэднэшүү

0  |  0
Багабандь(103.80.211.207) 2021 оны 08 сарын 12

С.Эрдэнэ, Э.Батүүл баатар нарыг дэвшүүлж сайн тоглуул энэ нам тэдний байгуулсан нам, тэд намаа өмчирхөг хөөрхий...НАСААРАА энэ намаараа тоглог эднийг зөнгөөр нь орхиж дархалая... ТОГЛОГ ТОГЛОГ ....

0  |  0
Багабандь(103.80.211.207) 2021 оны 08 сарын 12

Одоо С. Эрдэнэ , Э.Батүүл нар өөрсдийнхөө төлөө дэвшээч нэг мөсөн АН тоглоомын намаар сайн тоглож ав. 2024 онд та нарт суудал олдохгүй шүү. ДАХИЖ НЭР ДЭВШЭЭД НЭГ ХОЁР ХҮНИЙ САНАЛ АВ. С.Эрдэнэ дахиад л жинхэнэ намын дарга хэвээрээ биз дээ . Түүхэнд нэрээ сайн элэг доог болгоод ав. Өөр нэрээ гаргах ямарч боломжгүй болсон шүү

0  |  0
Top