Эбола, Марбург зэрэг үхлийн аюулт вирус дахин дэгдэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Кот д’Ивуарт "Зааны ясан эрэг" Эбола вирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.  Тус улсын Эрүүл мэндийн сайд Пьер Н’Гоу Димба өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Гвиней  рүү  аялаад ирсэн 18 настай эмэгтэйгээс Эбола вирус илэрсэн хэмээгээд импортлогдсон тохиолдол гэж үзэж буйгаа онцолсон байна.

Гвиней 2014-2016 онд Эболагийн дэгдэлтийн голомт болж байсан юм.  Тус улсад уг вирусээр ердөө хоёрхон жилийн дотор 11325 хүн амь насаа алдаж байв. Түүнчлэн он гарснаас хойш Гвинейд  12 хүн Эболагоор амиа алдаад байна.   Энэ сарын эхээр тус улсад Марбург вирусийн анхны тохиолдол мөн бүртгэгдсэн билээ.

Марбург вирусээр халдварласан хүн долоодугаар сарын сүүлчээр Гвинейн Гекеду мужийн эмнэлэгт халуурч, толгой нь өвдөж, ядарч сульдсан байдалтай ирж, хэвтэн эмчлүүлж байгаад  энэ сарын 2-нд нас барсан байна. Марбург вирусээр халдварласан тохиолдолд Эболатой төстэй шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ ДЭМБ -аас мэдээлснээр, Гвинейд бүртгэгдсэн Марбург вирусээр халдварласан хүнээс ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Залуугийн нас барахаас өмнө уулзсан нийт 146 хүнийг ойрын хавьтлаар бүртгээд байгаа ажээ.

Марбург нь Эболагаас ч илүү хор хөнөөл ихтэй бөгөөд их хэмжээгээр гэнэт цус алдах, бөөлжих, суулгах болон булчин задрах гэж байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Харамсалтай нь одоог хүртэл энэ вирусийг эмчлэх эмчилгээг хүн төрөлхтөн олоогүй байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар тус вирусээр халдварласан тохиолдолд амь насаа алдах магадлал 88 хувьтай байдаг гэнэ.

Марбургийн вирусийг анх 1967 онд Германы Марбург хотод илрүүлж байсан түүхтэй. Халдварын эх үүсвэр нь эмнэлгийн туршилт хийх зорилгоор Африкаас авчирсан ногоон сармагчин гэгддэг. Марбургийн вирусийн дэгдэлт Судан, Кени, Ангол, Уганда, Өмнөд Африк, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тус тус бүртгэгдэж байжээ.  Халдварын гол тээгч нь маш ховор тохиолдолд сарьсан багваахай гэж үздэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top