Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэхэд анхаарахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болгосон юм. Тэгвэл тус ажлын биелэлт ямар байгаа талаар НЭМГ-ын Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа.
-Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна. Ковидоор өвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч бай ковидын дараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад, ковидын дараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй. Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна. Иймд НЭМГ-аас коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа. Ковидоор өвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм.
-Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ?
-Нийслэлд “Эрүүл үрс”, “Хан туул”, “Бяцхан тэмүүлэл” гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээр ковидын дараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ. Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ (community-based rehabilitation) хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байна гэсэн үг.
-Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ гэдэгт ямар эмчилгээ орох вэ?
-Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэд иллэг хийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой. Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидын дараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа. Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )