НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Оргилыг сонголоо

2021 оны 08 сарын 18

НАМЗХ "ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2030" бодлогын баримт бичгээ баталжээ.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ -ны Бага хурлын IV хуралдаан өчигдөр цахимаар зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан байна.

Бага хурлын IV хуралдааны үеэр холбооны гишүүддээ болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх "Нийгмийн Ардчилал" академи, "Нийгмийн ардчилал" залуучуудын сан, "Нийгмийн Ардчилал" судалгааны институтийг байгуулан ажиллаж буйгаа тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал нийт Бага хурлын гишүүддээ танилцуулжээ.  

24 жилийн түүхтэй тус холбоо нь 70 гаруй мянган гишүүнтэй, 21 аймаг, есөн дүүрэг, 331 сум, дэлхийн зургаан улсад салбартай Олон улсын ардчилсан социалист залуучуудын холбоо /ISUY/-ны гишүүн залуучуудын үндэсний ууган төрийн бус байгууллага юм.

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдон ажлаад хоёр жил өнгөрч буй. Энэ хугацаанд төрийн бодлого боловсруулахад залуучуудын дуу хоолойг хүргэх, МАН-ын үзэл санаа, үнэт зүйлс, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг таниулан сурталчлах, залуучуудын нийтлэг эрх ашигт нийцсэн, тэдний мэдлэг, боловсрол, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн арга хэмжээ, бодлого хэрэгжүүлж ажиллаж байна.

Мөн хуралдаанаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг жинхлэхээс гадна, Удирдах зөвлөлийн гишүүдээ томилсон байна.

НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, УЗ-ийн гишүүдээр Г.Дашням,  Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нар сонгогджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top