Байдены засаг захиргаа АНУ-ын банкин дахь Афганистаны хөрөнгийг царцаажээ. Ингэснээр талибууд Афганистаны гадаад валютын нөөц, бусад хөрөнгөнд хүрэх боломжгүй болж байгаа юм. Царцаасан хөрөнгөн дунд Холбооны нөөцийн санд хадгалагдаж буй алтан гулдмай мөн багтаж байгаа аж. Афганистаны Төв банк 2020 оны арванхоёрдугаар сард тус улс Холбооны нөөцийн санд 22 тонн алт эзэмшиж байгаа тухай мэдээлж байв. Уг алтыг мөнгөн дүнд шилжүүлбэл, 1.25 тэрбум ам.доллар болох юм байна. Түүнчлэн тус улсын ДНБ 2020 онд ойролцоогоор 20 тэрбум ам.доллар байсан тухай Дэлхийн банк мэдээлсэн билээ. Үүнээс гадна Да Афганистан гэж нэрлэгддэг тус улсын Төв банк өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 10 тэрбум ам.долларын нөөцтэй байжээ.
Да Афганистан банкны 10 тэрбум ам.долларын нөөцийн ихэнхийг гадаадад байршуулдаг боловч өөрийн агуулахад доод тал нь 160 сая ам.долларын арилжааны алт, мөнгө, Бактрийн эрдэнэс гэж нэрлэгддэг эртний алтан гоёл чимэглэл хадгалдаг байна. Олон улсын валютын сангийн мэдээлснээр Да Афганистан банк нөөцийн ихэнхийг буюу 9.5 тэрбум ам.долларыг олон улсад байршуулжээ. Энэ нөөц хөрөнгөөр Афганистаны 15 сарын импортыг төлөх боломжтой аж. Нөөцийн хэдэн хувь АНУ-д байршдаг болох нь тодорхойгүй байгаа ч 4.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө АНУ-ын Төрийн сан, Төрийн сангийн үнэт цаас ам.доллар хэлбэрээр хадгалагддаг байж магадгүй юм байна.
Талибууд тус улсыг хяналтдаа авснаас хойш гурван жилийн дараа буюу 1999 онд АНУ мөн Афганистаны хөрөнгийг царцааж байсан. 2002 оны нэгдүгээр сард АНУ -ын арми талибуудын Засгийн газрыг түлхэн унагасны дараа эд хөрөнгийг нь гэсгээн 193 сая ам.долларын үнэ бүхий алт, 24 сая ам.долларын долларыг ашиглах эрх нээж байсан. Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани өнгөрсөн ням гарагт эх орноосоо дүрвэсэн билээ. Тэрбээр ням гарагийн шөнө Тажикстанд газардаж, тэндээсээ үл мэдэгдэх чиглэлд зорчсон талаар эх сурвалжууд мэдээлж байв. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам лхагва гарагт Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани гэр бүлийн хамтаар тус улсад орогнож байгаа талаар мэдэгджээ.
Ашраф Гани ням гарагт өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан Афганистанд нэмж цус урсгахаас сэргийлэх зорилгоор эх орноосоо дүрвэсэн талаараа мэдэгдсэн юм. Олон улсын Ройтерс агентлаг түүнийг эх орноосоо дүрвэхдээ тансаг зэрэглэлийн дөрвөн автомашин болон нисдэг тэрэг дүүрэн бэлэн мөнгө авч зугтсан гэж мэдээлээд буй. Улмаар Афганистан дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Афганистан дахь тусгай төлөөлөгч Замир Кабулов нар энэхүү мэдээллийг баталгаажуулсан. Гэвч эх сурвалжууд Ашраф Гани чухам хэдий хэмжээний бэлэн мөнгөтэй зугтсан талаар мэдээлээгүй юм. Гэхдээ Замир Кабулов Москвагийн радиод ярилцлага өгөх үеэрээ “Ашраф Гани тэргүүтэй дүрвэгчид Афганистаны төсвийн бүх мөнгийг авч зугтаагүй байгаасай гэж найдаж байна. Хэрэв тэд ямар нэгэн хөрөнгө үлдээсэн бол тэр нь Афганистаны төсвийн суурь болох болно” гэсэн юм.
Тэгвэл Их Британийн BBC агентлагийн сэтгүүлч Кавун Хамоосын мэдээлснээр, Афганистаны Ерөнхийлөгч асан эх орноосоо дүрвэхдээ 169 сая ам.долларыг бэлнээр авч явсан аж. Мөн Тажикстан дахь Афганистаны Элчин сайдын яам лхагва гаригт Ашраф Гани болон түүний хоёр туслахыг олон нийтийн өмчийг хулгайлсан хэргээр эрэн сурвалжилж, баривчлах хүсэлтийг интерполд хүргүүлсэн талаар тус улсын “TOLO News” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Дээрэмчид. Манайхан нэг хэсэг алтаа цэвэршүүлээд гадны банкинд байрлуулдаг байсан. Дургүйгээ хүрвэл,хүслийг нь хүлээж авахгүй бол ингэж л дээрэмдэг юм байна дөө