Нүүрсний үнэ 106 хувиар өсөж, 166 ам.долларт хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 23

Цахилгаан эрчим хүчний эрэлт, дэд бүтцийн хямрал, дэлхийн зах зээл дээрх хийн үнийн өсөлт зэрэг нь улс орнуудын хэрэглээнээсээ хасахаар тэмцэж буй түүхийн эдийн ханшийг огцом өсөхөд хүргээд байна. Азийн нүүрсний зах зээлийн жишиг ханшийг тодорхойлогч  Ньюкасл боомт дээр эрчим хүчний нүүрс энэ он гарснаас хойш  106 хувиар өсөж, тонн нь 166 ам.доллароос давжээ.  Энэ нь Азийн зах зээл дээрх эрчим хүчний нүүрсний хувьд сүүлийн 13 жилийн рекорд ханш болж байна.  Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Ньюкасл дээр нүүрсний ханш тонн нь 46.18 ам.доллар байсан юм. Харин 2008 оны долдугаар сард тонн нь 195.20 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байсан билээ.

Түүнчлэн энэ сарын 13-ны байдлаар тонн нь 137.06 ам.долларт  хүрсэн нь он гарснаас хойш үнэ нь 55 хувиар өссөн үзүүлэлт болж байв.  АНУ, БНХАУ болон Европын холбооны өндөр хөгжилтэй орнууд цэвэр эрчим хүчинд шилжих зорилтын хүрээнд нүүрсний хэрэглээг хязгаарлах томоохон бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч эдийн засагчид дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш ийнхүү огцом өссөн явдлыг цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж, байгалийн хийн үнэ өссөөр байгаатай холбон тайлбарласан байна. Түүнчлэн цаашид дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт, хэрэглээ болон ханш тогтмол өндөр хадгалагдах тооцоолол хийгдэх болсон. Тухайлбал, дэлхийн нийт эрчим хүчний эх үүсвэрийн 35 хувийг нүүрснээс гарган авдаг бөгөөд өөр ямар ч төрлийн түүхий эд өртөг, хэрэглээ болон дэд бүтцийн сүлжээ талаасаа нүүрсийг орлох боломжгүй юм.

Мөн Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг олон хүн амтай, Азийн хөгжиж буй зах зээл бүхий орнуудад эрчим хүчний эрэлт асар ихээр нэмэгдэх болсон.  “Fitch Ratings” -ийн байгалийн нөөцийн захирал Юлия Бучнева CNBC -д өгсөн ярилцлагадаа, нүүрс нь дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд энэ түүхий эд нь дэлхийн эрчим хүч үйлдвэрлэлийн 35 хувиас дээш хувийг эзэлж буй талаар онцолжээ. Тэрбээр  “Эрчим хүчний шилжилтийн хөтөлбөрөөс шалтгаалан нүүрсний эрэлт буурна гэж үзэж байгаа ч энэ нь урт хугацаанд зах зээлд нөлөөлнө.  Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг улсад нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүч давамгайлсаар байх болно” гэжээ.  Ирэх саруудад эрчим хүчний нүүрсний үнэ  өсөх эсэх тухай Бухнева “Нүүрсний үнэ тогтвортой биш байгаа юм. Гэхдээ бид харьцангуй тогтвортой байна гэж үзэж байгаа.

Нүүрсний үнэ буурсан тохиолдолд 81 ам.доллароос доошлохгүй гэж үзэж байна” гэжээ. Нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын хувьд 14-р таван жилийн төлөвлөгөөний хүрээнд нүүрс хэрэглээнээс цэвэр эрчим хүчинд шилжих дэд бүтцийн сүлжээг байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Гэвч Хятадын нүүрсний хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн турш тасралтгүй өссөн билээ. Түүнчлэн манай урд хөрш оны эхний зургаан сарын байдлаар 22.2 сая тонн коксжих нүүрс импортолсон. Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт юм. Австралийн нүүрсний хоригтой холбоотойгоор 2021 оны эхний зургаан сард далайн тээврээр хийгдэх Хятадын коксжих нүүрсний импорт 55 хувь буурч, 13.9 сая тоннд хүрсэн байна.

Монгол Улсын хувьд оны эхний хагас жилд БНХАУ-д 8.3 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд манай улс Хятадын зах зээл дээрх коксжих нүүрсний импортын биет хэмжээний гуравны нэгээс илүү хувийг дангаараа бүрдүүлж, тэргүүлсэн гэх үзүүлэлт юм. Манай улсын араас импортын биет хэмжээгээр ОХУ 4.4 сая тонн, Канад дөрвөн сая тонн, АНУ 3.8 сая тонн коксжих нүүрс тус тус БНХАУ-д нийлүүлсэн байна. Харин импортын хувь хэмжээний өсөлтийн хувьд АНУ өнгөрөгч оны эхний хагас жилтэй харьцуулахад 480 хувийн өсөлтөөр Хятадын зах зээлд байр сууриа хамгийн их тэлсэн бол Канад 53 хувийн өсөлт, ОХУ 52 хувийн өсөлтөөр удаалжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангаа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 23

Тэтгэвэрийн доод хэмжээг 600 мянгасболгож нэмэгдүүлэх сайхан боломж. Засаг нэмэх байхоо.

1  |  0
Хогшчуул(192.82.87.251) 2021 оны 08 сарын 23

Нуурсний унэ 46 гас 166 болтология осож байгаа юм бол Монголын эдийн засаг сэргээд явчихна даа , Ядаж хэдэн хогшчуулийнхээ тэтгэврийг нэмнэ биз

0  |  0
Top