Ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болон УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль тус, тус зохион байгуулах товтой. Тиймээс ирэх сарын 1-ний дотор нам, эвслүүд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах юм. Нөхөн сонгуулийн сургаар жижиг нам, эвслүүд хөл алдаж байгаа эс тооцвол эрх баригч намынхан тэгтлээ хөл алдахгүй аж. Шуудхан хэлэхэд нөхөн сонгуульд огт ач холбогдол өгч шунахгүй байгаа нь сонирхол татна. Тэд хэдийгээр 60 гаруй суудалтай эрх барьж байгаа нам ч гэсэн суудлаа хадгалж үлдэх нь туйлын зорилго баймаар юм. Өнөөдөр биш юм гэхэд маргааш, 2024 оноо бодох учиртай. Улс төрийн намын гол зорилго бол нэг ч гэсэн суудлын төлөө өрсөлдөж, эцэст нь ялах л байдаг.
Гэтэл ойрын эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөнө гэдгийг батлав. Тэр ч бүү хэл тэрбээр “Би УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө. Парламентад сууж байж хийж амжаагүй ажлаа хийнэ. Мөн тарж бутарсан АН-аа ч цэгцэлнэ” гэдгээ дуулгажээ. Үүгээрээ тэр нөхөн сонгуулийн ач холдбогдлыг бууруулж байгаа бололтой.
Олонхийн таамаглаж байгаагаар Ерөнхийлөгч асан нэгэнт улс төрөө эхлүүлэн, Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх юм бол бусад нам эвслээс нэр дэвшигч тодруулах нь ихээхэн эрсдэлтэй гэж үзжээ. Гэхдээ Х.Баттулгаас үл шалтгаалан ах намаас өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигч нэг биш байж таарна. Тэгэхээр “Нам дэмжвэл нэр дэвшинэ” гэж байгаа С.Мөнхчулуун нараас эхлээд азаа үзэх гэсэн горилогчдоо түүний өмнөөс илгээх байх. Эртнээс таамаглаж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар лав өрсөлдөхгүй нь тодорхой болж байна. Э.Батшугарыг МАН-аас “Женко”-гийн аманд хаяж өгөх сонирхол байсан ч эцэг Н.Энхбаяр нь түүний өмнөөс хүүгээ явуулахгүй.
Х.Баттулгын хувьд рейтингээ байнга өндөрт хадгалсаар Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Тэр хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон учраас арга буюу улс төрийн чөлөөнд түр гараад байсан юм. Түүнээс бус өрсөлдөх туйлын хүсэлтэй байв. Тэгэхээр саяхан Ерөнхийлөгчийн сэнтийгээс рейтинг өндөртэй буусан хүний өмнөөс сөрнө гэдэг амаргүй. Тэр өрсөлдөнө гэсэн бол ямар ч аргаар хамаагүй өрсөлдөж таарна. Тарж бутарсан АН-аас нэр дэвших ч арга олдож болно. Нөгөө талаас Х.Баттулга АН-аас бус бие даан нэр дэвших тухай ч ярьж байна. Нам, эвслээс ч бай, бие даасан ч бай өнөөдөртөө тэр ялалтын тавцанд зогсох эрэмбээ хадгалсаар байгаа.
Х.Баттулга, Э.Батшугар хоёрыг өрсөлдөнө гэж бодоод үз. Э.Батшугарын хувьд дархан аваргын аманд очиж байгаа хугацаат цэргийн алба хаагч л байх. Сонгинохайрханд горилж байгаа С.Мөнхчулуун, М.Ганбаатар нар ч нэг аймгийн цолтон л биз дээ. Энэ мэтээс үүдэж, МАН Сонгинохайрхан дүүрэгт тэгтлээ шунахгүй байгаа нь ажиглагдана. Тэгээд ч өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрт эртний сайхан үерхэл бий. Хундага тулгаж, хэлцэж андгайлж явсан өдөр ч бий. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалан эрх баригчид Сонгинохайрхан дүүргийг түүнд хаяж өгч байгаа бололтой. Түүнээс бус цаад нууц тохироог мэдэж байгаа “бурхи”-нууд бол нөхөн сонгуульд азаа сорихгүй нь лавтай.
Тэгвэл МАН-ын гэж болох Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд яагаад шунахгүй байна. Уг нь Хэнтий аймаг 2012 оныг эс тооцвол сонгуулийн түүхэнд байнга улаан талдаа туг мандуулж ирсэн тойрог. Эх сурвалжийн хэлж байгаагаар Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд шунахгүй байгаа нь С.Эрдэнэтэй холбоотой гэх. Юуны өмнө С.Эрдэнэ гэх эрхэм АН-аа хоёр хуваан Ерөнхийлөгчийн сонгуульд оруулсан “зүтгэл”-ээ ах намынхнаас нэхэх гавьяатай хүн. Үүнийг шууд үгүйсгэх аргагүй. Өнөөдөр АН хоёр хуваагдсан байдалтай хэрүүл өрнүүлж байгаа ч С.Эрдэнэ хууль ёсны тамга гардаж байгаа.
Харин Хэнтий аймагт горилж байгаа Б.Гарамгайбаатар, Ц.Оюунбаатар нарын нөхөд эвлрэх тал дээр хоёр талд нүүр алдахгүй явж байгаа ч С.Эрдэнийн өрөөнөөс салахгүй байгааг хэллээ. Түүнээс бус тамга тэмдэг ч үгүй хоосон О.Цогтгэлийн үүдийг хэн сахих юм. Нэр дэвшигчдээ мөнгөөр уралдуулдаг С.Эрдэнэ толгой дохивол ямар ч асуудал алга. Тэр АН-д ад үзэгдсэн ч МАН-д гавьяа байгуулсан, хууль ёсны намтай нөхөр гэдгийг мартаж болохгүй. МАН 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа ялагдал хүлээсэн. Харин МАН 12 жилийн дараа Ерөнхийлөгчтэй болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн чинь С.Эрдэнэ юм шүү дээ.
Уг нь өнгөрөгч 2020 оны сонгуулиар АН-ын өрсөлдөгчдөөс хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч нь Ц.Оюунбаатар учраас түүнд өндөр магадлал байдаг. Гэтэл Б.Гарамгайбаатар нь албан ёсны тамгатай намд нөлөөлөх тал дээр илүү байгаа гэх. Тэгээд ч Б.Гарамгайбаатар өөрөө тамгатай намын дэд дарга хүн. Тус тойрогт МАН-аас Л.Батжав гэдэг нөхөр нэр дэвшихээ эртнээс илэрхийлж байгаа ч Соёлын дэд сайд М.Батбаяр илүү шаанстай байгааг хэлсэн. Эндээс харсан ч тус тойрогт МАН-аас өрсөлдөгчид дунд акулууд алга.
Горилогч Л.Батжавын хувьд “2020 оны УИХ-ын сонгуульд миний бие хуульчийнхаа хувьд Хэнтий нутгийн иргэдийн итгэлийг хүлээхээр дэвшихээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаж, Хэнтий нутгийн төлөө санал солилцсон. Намд элсэх санал тавьсан. Энэ саналын дагуу миний бие МАН-д өнгөрсөн жил элссэн. Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж ажилласан. Харин Энэ удаагийн нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшихээр удирдах зөвлөлдөө хүсэлтээ илэрхийлээд байна” хэмээн эрх баригчдаас өр барагдуулж, амласнаа өгөхийг хүссэн.
Хэрвээ МАН түүнд өрөө төлөхдөө тулвал дэд сайд М.Батбаяраа хойш татан, явуулчих байх. Нэгэнт “тохирсон” тойрогт Л.Батжав мэт нь очоод амжилт үзүүлэх нь юу л бол. Ядахад Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба нэр дэвшихгүй гэж байхад бусад нь ойлгомжтой биз дээ.
Ямартай ч өнөөдрийн байдлаар нөхөн сонгуульд Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвсэл гээд нийтдээ есөн нам, нэг эвсэл оролцохоор болсон учраас албан ёсоор бүртгүүлж батламж авахаар болсон. Энэ тоо хуулийн хугацаанд нэмэгдэж таарна. Өдгөөгийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тал дундаа орох гэж байгаа энэ үед нийт горилогчид нөхөн сонгуулийг боломж хэмээн харж байгаа ч томчуудын тохиролцоо энэ боломжийг хаах юм биш үү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Яах нь мэдэгдэхгүй хэн ч ялах нь тодорхойгүй нөхөн сонгуульд нэг л их үнэлэлт дүгнэлт өгч таавар дэвшүүлсэн Баагий хэний захиалгаар вэ? Асуучихъя чамаас.