Д.Зүмбэрэллхам: Ёс зүйн алдаа гаргасан ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ажлаас нь хална

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа. 


-Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд зайлшгүй шинэчлэх хууль, эрх зүйн хүрээнд хамгийн гол тулгамдсан ямар хүндрэл, асуудал байна вэ?

-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм үйлчилж байна. Гэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм бол салбар, салбартаа үйлчилж байна. Ёс зүйн дүрмийн ерөнхий, нийтлэг мөрдөх хэм, хэмжээг хуульчилж, нэг мөр болгож өгөхгүй бол болохгүй. УИХ-аас тодорхой гишүүд санал болгож, ёс зүйн хариуцлагын тухай хуулийн төсөл өргөн барихаар боловсруулалтын түвшинд явж байна.

Төрийн албаны зөвлөл эл асуудалд оролцож байна. Энэ хуулийг батлах аваас ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхных нь болох юм. Ер нь хууль гаргахдаа гол нь биш. Нийгмийг төрийн алба түйчээлж явах ёстой юм. Нийгэм бүхэлдээ төрийн албыг харж, тэдэн шиг ёс зүйтэй байх ёстой гэдэг үлгэр дуурайлалыг авч байх ёстой юм. Тиймээс энэ хууль их чухал алхам болох байх гэж харж байна.

Нөгөө талаараа ёс зүй сахиулах талын зохион байгуулалт, бүтцийн асуудал хөндөгдөнө. Хэрэв энэ хууль батлагдаад гарах аваас төрийн албан хаагчийн ёс зүйг хариуцсан хороод, салбар хороо байна. Улсын хэмжээнд ёс зүйн бүтэц бий болох юм. Тэгээд тайлагнадаг, мэдээлдэг байна. УИХ-аар хэлэлцүүлэх хэлбэрээр явагдана. Тэр ч утгаараа мэдээ, мэдээлэл олон нийтэд түгээх, бүхэлдээ төрийн албан хаагч ёс зүйтэй харьцах бүтэц бий болно гэж харж байна.

-Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчтай холбоотой хэчнээн гомдол, мэдээлэл ирээд байна вэ?

-Төрийн 1000 гаруй байгууллагад ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Тэд дор бүрнээ асуудлаа шийдээд явдаг. Энэ л орон зайг шийдвэрлэх гээд явж байна даа.

-Хууль батлагдснаар Төрийн албаны зөвлөлийн эрх үүрэг, мэдэл нэмэгдэх үү?

-Төрийн захиргааны болон албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж үйлчилж байна. Тэдгээрээр асуудал шийдэгдэж болохгүй. Тиймээс бүх талын асуудлыг авч үздэг, цогц болгох ёстой л гэж харж байна. Төрийн албаны зөвлөлтэй ёс зүйн хороо зэрэгцсэн бүтэцтэй байна. Хуулийн төсөлд тусгагдснаар есөн гишүүнтэй байна. Тэдний гурав нь орон тооны, зургаа нь орон тооны бус гэж явна. Орон тооны бус гишүүд нь туршлагатай, чадалтай хүмүүсээр бүрдүүлнэ. Ийм байдлаар явж байна.

-Хараат бус ажиллах зарчмыг яаж хангах вэ?

-УИХ-аас томилогдоно. Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй ижилхэн хараат бус статустай байна. Төрийн албаны зөвлөл бол УИХ-аас байгуулагддаг, хараат бус шүү дээ. Ёс зүйн хороо бол Төрийн албаны зөвлөлтэй адилхан. Зөвхөн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаа хариуцаад явах юм.

-Ёс зүйн алдаа гаргасан төрийн албан хаагчдад ямар хариуцлага хүлээлгэдэг болох вэ. Энэ асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгаж өгөв?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд эхлээд түүнийг шалгаж, тогтооно. Шалгаж тогтоосны дараа тухайн төрийн албан хаагч нь өөрөө гэмээ хүлээн зөвшөөрч, төрд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгээ мэдээд өргөдлөө өгч, албаа орхиод явж болно. Үүнийг ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцно. Хэрэв өөрөө төрийн албыг орхиогүй тохиолдолд тэр хүнд сануулахаас эхлээд ажлаас нь халах хүртэлх арга хэмжээг авахаар хуулийн төсөлд тусгасан. Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээрээ бол зөвхөн уучлалт гуйх л байгаа шүү дээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(139.5.218.19) 2021 оны 08 сарын 25

Олон хүүхэн хүчиндсэн Анандбазарт хариуцлага тооцож чадахгүй байж юун тэр ЭЛбэгдорж, Бат-Үүл, С.Баяр, М.Энхболд. Төрийн байгууллагад ингэж Зүмбэрэллхам шиг худал ярьж цалин авдаг хүмүүс олон бий. Эднийг зайлуулах ёстой.

0  |  0
зочин(202.179.21.237) 2021 оны 08 сарын 25

Зүмбэрэл гуай та ингэж хичнээн ч жил ярив даа. Төрийн үйлчилгээ тэр дундаа эмнэлгийн үйлчилгээний хүнд суртал өвчтэй хүнтэй дээрэлхэн харьцах чинь хэрээс хэтэрсэн шүү дээ.

0  |  0
Top