“Үсгээ мартсан” шинэ түшээд танхимаа олох л байгаа даа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Цар тахлаас үүдсэн хатуу хөл хориог дархлаажуулалт дор аажмаар султган, сургууль цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхээр болов. Хоёр жил гаруй цахим нэртэй хичээллэсэн дийлэнх хүүхдийн сурлагыг уруудсан гэж хэлэхгүй ч цойлж мандсан гэж хэлэх аргагүй. Тэр тусмаа бага ангийн сурагчдын дунд үсгээ мартсан сурагч ч байгааг дуулгасан. Тэгэхээр үсгээ мартсан шинэхэн сурагчдын хичээлийг эхнээс нь заах хэрэг гарч магадгүй юм.

Тэгвэл УИХ-ын намрын чуулган ирэх аравдугаар сард эхэлнэ. Аанай л хоёр жил цахимаар хуралдсан түшээд маань бэлэн байгаа юу. Тэр тусмаа бага ангийн зарим сурагчид шиг “үсгээ мартсан” шинэ түшээд байгааг үгүйсгэх аргагүй. Өнгөрөгч 2020 оны сонгуулиар парламентад 34 гишүүн шинээр сонгогдож, парламентын цус гайгүй шинэчлэгдсэн гэж ярих нь бий. Цус сэлбэж шинэчлэгдэх ч юу байхав, нам дагаж орж ирсэн л шинэ хүмүүс юм. Харин тэднийг сонгогдсон даруйд цар тахлын халдвар тархаж хөл хорио тогтоосон цагаас хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрөх гэж байна.

Шинэхэн түшээд маань хөл хорионд байсаар бүрэн эрхийнхээ хугацааг хугаслалаа. Хаа нэг цахим хуралдаанаар буруу зөрүү ярих, эрх үүргээ хольж солих нь ч элбэг байгаагаас харахад тэд ёстой л зарим сурагч шиг үсгээ мартсан байх. Тухайлбал, Г.Дамдинням гэх шинэхэн гишүүн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарласан үеийн хуралдаан дээр “Төрийн ордон руу ирэх замд замын цагдаа намайг танилгүй зогсоолоо” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайдад алтан хошуу өргөж байхав дээ. Харин арай өмнө парламентад орж ирсэн Х.Нямбаатар сайд “Дамдинням гишүүнийг зогсоосон цагдааг шалгах биш шагнаарай. Эрхтэн дархатнаас айхгүй, хууль журам тэгш үйлчлэх ёстойг тэр цагдаа  харуулсан байна. Маш зөв шүү” хэмээн хариу жиргэсэн.

Зөвхөн Г.Дамдиннямын жишээн дээрээс харахад шинэхэн гишүүн маань чухам ямар үүрэг хүлээн парламентад ирснээ мэдэхгүй ч ямар эрх эдлэхээ сайтар мэдэж байна. Үүргээ гүйцэтгэж байгаа цагдааг яах гээд байгаа юм, ямар аав ээждээ хэн нэгнийг ховлож байгаа цэцэрлэгийн хүүхэд биш. Ийм түшээдээр хууль санаачлуулж, батлуулна, тэгээд амьдралын хөрсөн дээр хэрэгжүүлнэ гэдэг бүтэхгүй санаа биз. Үсгээ мартсан бага ангийн хүүхдээр Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”-ийг уншаад утгыг нь ярьж өг гэсэнтэй агаар нэгэн сонсогдоно. Дүрмийн дагуу зогсоосон цагдааг чуулганы хуралдаан дээр ховлож байгаа хүн намрын чуулганаар эхнэрээ ховлоод ирэх байх. Яагаад гэхээр хоёр жил танхимаар хуралдаагүй шүү дээ, тэд.

Нэрийг нь дурдаад яахав, тойрогтоо ажилласан шинэхэн түшээ Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоол хоёрыг хольж сольж танилцуулаад нутгийн буурал өвгөнд зад загнуулж байв. Эд нар маань хоёр жил танхимаар хуралдсан бол цаадуулаасаа их зүйл сурахгүй юу. “Номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэгчээр илүү дутуу зүйл ярьж олны анхааралд өртөхгүй байв. Ядахад эрх үүрэг дундаа төөрч, Засгийн газар, УИХ-ынхаа тогтоол шийдвэрт бүдрэн төөрөхгүй байсан. Хамгийн наад зах нь С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын хэрхэн поп загнахыг сураад авах байлаа.

Мөн парламентад шинээр орж ирсэн Я.Доржханд гэх нөхөр УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолд пүүз өшиглөчихсөн ирэв. Хүмүүс “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүн”, “Жинхэнэ либераль үзэл” гэх мэтээр ярьж л байсан. Үнэн хэрэгтээ тэр олон газар тэнэж, боловсол олж авсан байж болно. Хамгийн гол нь Монгол Улсын парламентад цоо шинэ хүн гэдгээ л харуулсан хэрэг. Ийм хүн Монгол Улсын нийгмийн амьдрал дээр ямар хууль хэрэгтэй байгааг, хаана нь хэрэгжих үндэслэлтэйг мэдэхгүй байсаар энэ танхимаас явна шүү дээ. Одоо энэ нөхөр танхимаар хуралдахгүй хоёр жил шахам болсон учраас намрын чуулганы нээлтэд гэрийн шаахай углаад ч ирж мэднэ.  

Энэ утгаараа туйлын азгүй гэж болох түшээд. Учир нь ирэх аравдугаар сараас шинээр гарч буй дельта вирусын тархалт ид дэгдэнэ гэх. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл тэд ахиад ч цахим хуралдаанд шилжих магадлалтай. Гэтэл 2024 он юу юугүй болж, тэд нар маань юу ч ойлгож амжилгүй сонгогч олон дээрээ санал гуйгаад очно. Өнөөх л мөрийн хөтөлбөрөөс эхлээд амаа асуулгах зүйл олон угтана. Ядахад бүрэн эрхийнхээ хугацааны ихэнхийг хөл хорионд хэнд ч харагдалгүй өнгөрөөснөөс гадна эрх үүрэг, тогтоол шийдвэр гээд бүхий л зүйлээ ялгаж салгаж амжилгүй дараагийн сонгуультай золгож байна. Юуны өмнө намрын чуулганаар хурлын танхимаа л олж очоосой билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top