УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр /2021.08.26/ мэдээлэл хийлээ.
АН-ЫН ДЭД ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН: Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Парламентад суудалгүй намуудтай уулзалт хийж, яриа хэлэлцлүүд хийж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг наймдугаар сарын 27-ноос эхлэн хүлээж авна.
АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР: Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирж байна. Уг хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан.
МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар 60, 90 хувь нь хурлын төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл аваад, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна. Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана.
Манай улсын иргэдийн гурван хүн тутмын нэг нь нам дагаж амьдарч байгаа нь харамсалтай. Улс төрийн намын хууль, гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх шаардлагатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж, намрын чуулганд батлуулахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )