Албан ёсны тамга тэмдэггүй, хууль ёсны өрсөлдөөнд ч ороогүй О.Цогтгэрэл гэх нөхөр өөрийгөө “АН-ын дарга” хэмээн өргөмжилж, Монгол орон даяар тэнүүчлэх болов. Зорилго нь “АН-ын даргын хувьд намын бодлого шийдвэр танилцуулж яваа” гэх. Тамга тэмдэггүй намын бодлого ч гэж юу байх билээ, танилцууллаа ч хаана, хэрхэн, хэн хэрэгжих билээ. Уг нь О.Цогтгэрэл Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн хууль журмаа мэдэхгүй ч гадарладаг баймаар. Санаа чилэхийн учир нь хууль бус АН-ын даргын хууль бус өрсөлдөөнд орох гэж чамгүй хөрөнгө гаргасан цагаас хойш энэ хүний мөнгө өнөөдрийг хүртэл шал дэмий зүйлд урсаж байна.
О.Цогтгэрэлд ч юм уу түүний хөрөнгөнд санаа зовсон хэрэг биш. Гагцхүү “Тэсо” хэмээх корпораци, тус байгууллагын хамт олны ирээдүйд санаа чилээх болов. Хэтдээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол гэж хэнд ч бодогдохоор харагдана. Улс төр бол нэг корпораци бүү хэл нэг улс орныг ч залгих “шид”-тэй гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэгээд ч нэгэнт улс төр хэмээх бохир тоглоомонд орсон хүн нэг хэсэгтээ ухаарахгүй, сохроор зүтгэдэг учиртай. Ахиад ч хөрөнгө мөнгөний эрсдэл олныг хүлээж таарна. Угаасаа улс төр бол бэлтэй болоод зориг зүрхтэй эрийн тоглодог тэнэгдүү өрөг л дөө.
Тамгагүй О.Цогтгэрэлийг орон нутагт чухам ямар хэмжээнд хүлээж авч байгааг мэдэх юм алга. Албан ёсны нам биш учраас зургаадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ илгээх эрх зүйн орчин байсангүй.
Үүнийг ардчилал хэмээн хоосон цээж дэлдэгчид мэдэж байгаа байх. Тэр ч бүү хэл ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд нэр дэвшигч илгээх эрхгүй сууж байгаа намын дарга гэдгийг бас мэдэж байгаа байх. Ийм хий хоосон зүйлд итгэл үнэмшлээ өгөөд явах гишүүн ч гэж үгүй болж таарна.
Энэ бүгд нь О.Цогтгэрэлийн хувийн улс төрд хамаагүй байж болно. АН-ын ирээдүйд маш хортой зүйл. Үүгээрээ С.Эрдэнийн талыг өмгөөлөх гэсэнгүй. Бид ч С.Эрдэнэ АН-ыг хорлох ажиллагааг анх зохион байгуулсан хүн гэдгийг бичиж сануулж ирсэн. Түүнийг ганцхан би биш ардчилсан Монгол Улсын иргэн бүр жигшиж байгаа гэхэд хэтийдэхгүй. О.Цогтгэрэл залуу хүн, улс төрд дөнгөж хөл тавьж байгаагийн хувьд мөр замаа өөрийнхөөрөө эхлүүлэх байв. Заавал яагаад ах нарынхаа найруулсан жүжгийн гол дүр болох гээд яваад байгааг ойлгох юм алга. Тэгэхээр түүнд зөвлөж сануулах хэдэн зүйл байна.
Зөвлөгөө: 1
Хууль ёсны тамга тэмдэг байхгүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нам гэж тооцдоггүй. Тиймээс энэ улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дор зөвшөөрөгдөөгүй намын дарга гэж явах нь дэндүү утгагүй бөгөөд ирээдүйн улс төрийн үйл ажиллагаа чинь там болно. Даамжирвал ирээдүй ч үгүй болно.
Зөвлөгөө: 2
Олон жил хөлс хүчээ гаргаж цуглуулсан хөрөнгөө энэ мэт бохир зүйлд цацах нь өөрийгөө болон тантай хамт бизнесийн салбарт зүтгэсэн олон нөхдийнхөө итгэл сэтгэлээр тоглож байна. Тэр тусмаа бизнесийн салбар бол маш эмзэг гэдгийг надаар хэлүүлэх юун. Хөл толгойгүй мэдрэмжгүй улс төрөөс чинь болж нуран унах магадлал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Зөвлөгөө: 3
Өнгөрөгч 2016 оны сонгуулиас хойш АН-ыг зориуд сарниулах зорилго дор хэдэн хэсэгт хуваан зодолдуулж эхэлсэн. Үүнд С.Эрдэнэ болон Ж.Батзандан, Лу.Болд нарын оролцоо ихээхэн бий. Таныг өргөж дэмжсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оролцоо ч байгаа. Тэдний найруулсан жүжгийн нэгэн дүр болчихоод сууж байгаагаа ойлгох хэрэгтэй. Энд хоёр, гуравхан хүний хувийн эрх ашиг л байгаа бөгөөд тэдний эрх ашиг гүйцэлдэж дууссан цагт чамайг битгий хэл итгэл үнэмшлээ өгсөн гишүүдээ орхиод явна. Ж.Батзандан, Лу.Болд нар хувийн эрх ашгийн төлөө намаа хоёр хуваачихаад яваад өгсөн.
Зөвлөгөө: 4
Ардчилсан үзлийнхээ дагуу АН-д итгэл үнэмшлээ өгч ирсэн байж таарна. Тэгэхээр үнэхээр ардчиллын төлөө явж байгаа бол хүссэн хүсээгүй АН-ыг өөд нь татах, түүнд итгэл үнэмшлээ өгөхөөс өөр гарцгүй нь үнэн. Гэтэл та АН-ыг өөд нь татах бус улам л доош нь татаж, дунд нь хагалан бутлах нэгэн жигүүрийг тамгагүй удирдаад явж байна вэ. Тамгагүй удирдагч бол цагийн цагт зүгээр л үймээн дэгдээгч байсан, одоо ч байсаар байна.
Зөвлөгөө: 5
Дарга болох дуртай байж болно. Та УИХ хэмээх Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагын гишүүн хүн гэдгээ ухамсарлаж ойлгоогүй, нэг муу тамгагүй Төрийн бус байгууллагын төлөө ийн нэр нүүрээ барж явах нь эргээд танд итгэлээ өгч сонгосон увсчуудын өмнө хэлэх үггүй болно шүү.
Зөвлөгөө: 6
Танд хуулиар хүлээсэн үүрэг гэж байгаа. О.Цогтгэрэл гэх нөхөр тойргоос тодорхой иргэдийн санал авч парламентад ирсэн гишүүний хувиар хууль санаачлах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангуулан ажиллах үүрэг хүлээсэн хүн. Үүнийг ч сонгогч олон нэхэх болно. Гэтэл та үндсэн ажлаа умартаж, тамгагүй намын дарга болж жүжиглэх нь ёс зүйн хувьд ч тэр, хууль эрх зүйн хүрээнд ч тэр хориотой зүйл гэдгийг санах хэрэгтэй.
Зөвлөгөө: 7
О.Цогтгэрэл гэдэг хүн үнэхээр АН-ын төлөө санаа зовж явна уу, улс төрийн карьерын төлөө ийн явна уу гэдгийг өнөөдөр дүгнэх аргагүй. Мэдэх ч албагүй. Үнэхээр ардчиллын төлөө, АН-ын төлөө зүтгэж байгаа бол С.Эрдэнийг тэр тамга тэмдэгтэй нь хая. Түүнтэй зууралдаж, олон зуун мянган гишүүдийн итгэл үнэмшлийг самрах хэрэг алга. Нэр тамга мундсан биш, С.Эрдэнийг тамгатай нь булшлаад орхи. Тэр МАХН гэсэн дөрвөн үсэгтэй, нүүрээ барсан Н.Энхбаяр л болно биз. Зөвхөн нэр тамгатай зууралдаж байхаар АН-ын хөрс суурин дээр шинээр тамга тэмдэг бариад яв. Таныг дэмждэг бол АН дотор хүчирхэг эгнээ байж л байгаа. С.Эрдэнэ Н.Энхбаярын хэмжээнд ч явж чадахгүй, өөрөө тамга тэмдгээ тэврээд гуйгаад ирнэ. Зөвхөн С.Эрдэнэтэй зодолдох гэж улс төр хийгээгүй л юм бол өөрөөр сэтгэж, өөрөөр хөдлөх цаг нь болжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт ард түмнээс тавхан хувийн санал авсан С.Эрдэнэд ямар ч дэмжлэг байхгүй гэдгийг харсан байх. Тэгэхээр тэр бол АН-ын гишүүн ч биш, дарга бүр ч биш гэдгээ харуулсан. Энэ утгаараа нийт гишүүд дэмжигчид тамга тэмдгэнд бус үзэл баримтлал, итгэл үнэмшлээ дагдгийг ганцхан энэ жишээнээс харж болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
үүнийг тэрлэгч ууганбаярт: тэр эодэнэ гэдэг хүн чамд ямар гэм үйлдсэн юм бэ.үгүй бол танай зиндаагийн гол бодлого эрдэнийг муулж байвал болдог юмуу.танай мандахбаяраас илүү зүйлийг энэ улсад хийснийг хүн бүр мэднэ.үүнээс хойш мандахбаярын тухай бичнэ.чам биш.бичлнг тавина.