Д.Сумъяабазар хотын дарга, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсонтой холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт тус бүр нөхөн сонгууль болох гэж байгаа. Ирэх сарын 10-ны өдөр санал хураалтыг нь явуулахаар товлосон тус нөхөн сонгуулийн нэр дэвшигчид өчигдөр тодорлоо.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу нэр дэвшигчдээ тодруулах сүүлийн хугацаа нь өчигдөр байлаа. Мэдээж, аливаа улс төрийн сонгууль болоход АН, МАН-аас ямар хүн нэр дэвшүүлсэн нь хамгийн сонирхолтой байдаг. УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн, төрийн бүх шатанд эрх мэдэлтэй байгаа МАН-ын хувьд шийдвэр гаргахад хэцүүхэн байсан бололтой.
Ялангуяа Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас хэн ч очсон сонгогдох магадлал маш өндөр. Учир нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Б.Бат-Эрдэнэ УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга болчихоод байна. Тэгэхээр Хэнтий бүхэлдээ МАН-ын фанат болж харагдаад байгаа хэрэг. Сонгинохайрхан дүүрэг ч МАН-ынханд боломж дүүрэн бий. Өмнөх сонгуулиар энэ дүүргээс УИХ-д таван гишүүн, НИТХ-д арван төлөөлөгч илгээсэн. Дүүргээс нь сонгогдсон гишүүн Улаанбаатар хотын захирагч болж, чухам Сонгинохайрханаар овоглодог олон хүн нийслэлийн албан тушаалуудыг дүүргэчихээд байж байна.
МАН-ын Удирдах зөвлөл удтал дүлэгнэж байгаад өчигдөр 18:30 цагийн орчим Бага хуралдаа 18 дугаар тойрогт Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэхээр санал болгосон. Э.Батшугарын нэрийг дэвшүүлэхэд нэг их гайхах юм байхгүй. Угаасаа МАХН-ыг Н.Энхбаяр МАН-д нэгтгэхдээ хүүгээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ам шүд авсан тухай яриа гараад чамгүй хугацаа өнгөрсөн. Тэгээд ч 2020 оны УИХ-ын сонгуулиар Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшихдээ авсан саналынхаа тоогоор УИХ-д сонгогдсон нөхдүүдийн ар дээр л жагсаж байлаа. Ийм байхад нэр дэвшүүлэхгүй гээд яахав. Гэхдээ тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо хотын орлогч болчихоод байгаа Ж.Сандагсүрэн өөрийгөө нэр дэвшинэ гэж битүү горьдож явсан юм билээ. Дээр нь намын бодлого сөрсөн гэж МАН-аас хөөгдөөд буцаж ирсэн С.Мөнхчулуун ч нэр дэвших хүсэлтэйгээ ил тодоор илэрхийлж байсан. Ийм болохоор 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Батшугарыг нэр дэвшихэд эдгээр гонсойн үлдэж байгаа хүмүүс туслаж дэмжинэ гэж баттай хэлэхэд бэрх шүү.
Хэнтий ч ялгаагүй. Нөхөн сонгуульд эртнээс биеэ бэлдсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хуульч Л.Батжав, МИАТ-ийн дэд дарга асан Б.Энхбаатар нар байж л байна. Гэвч МАН Хэнтий аймгийн залуухан Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвших нь зүйтэй гэж үзлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр өгсөөд байгаа гэх явган яриа ч бий. Ц.Идэрбат багш мэргэжилтэй. Өмнө нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч байж байгаад 2016 оноос Чингис хотын захирагчаар ажиллажээ. Харин 2020 оны сонгуулийн дараа аймгийн Засаг даргаар томилогдоод байсан юм. Одоо УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр МАН-аас мандатаа авсан гэдэг чинь бараг л “бөгсөндөө пуужин”-тай мэт өгсөж яваа гэсэн үг. Залуу дарга, улс төрийн намтар багатай болохоор нэр цэвэр гэж үзсэн ч байж болох юм.
АН-ын хувьд шийдвэрээ МАН-аас аль түрүүн бараг өчигдөр өглөө гаргаж орхисон. МАН шинэ залуусыг сойсон бол АН-ын хувьд “өвгөн партизан”-ууд дээр гэж үзжээ. М.Тулгат даргатай С.Эрдэнийн АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Эрдэнэ овогтой Бат-Үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Батхүү овогтой Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр баталжээ. АН-ын хувьд бараг шийдэж цөхөх юм байсангүй бололтой. Угаасаа ч АН дотроо хуваагдсан цагаасаа эхлээд хүний нөөцийнх нь байр байдал тодорхой болчихсон юм. Өнгөрсөн таван жилд С.Эрдэнэ намаа шинэчлэхийн оронд цөөн тооны хуучин кандитатуудад түшиглэн өмчирхөх гэж оролдсон. Үүний гороор 2020 УИХ-ын сонгуульд хагас хугас дэмжлэгтэй ороод бут цохиулсан. Гороор нь АН бараг албан ёсоор хоёр хэсэг болчихсон л доо. Гэтэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ өөрөө нэр дэвшсэнээр бүр салам балбуулчихаад байгаа. Гэтэл тусдаа Үндэсний бодлогын хороо, дарга цэрэгтэй хоёр АН-ын алийг нь ч Дээд шүүх бүртгэж авахгүй байсаар өнөөг хүрлээ. Наад талдаа О.Цогтгэрэл даргатай АН, М.Тулгат даргатай АН гэж байгаа ч хуулийн бүрэн дүүрэн эрхтэйгээр С.Эрдэнэ одоо ч дарга хэвээрээ байгаа гэсэн үг. С.Эрдэнийн бүрэн дүүрэн тамгатай АН-ыг нь М.Тулгат даргатай АН гээд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо мэдээж Дээд шүүхэд бүртгэлтэйд нь эрх өгөх болохоор тэд нэр дэвшигчдээ зарлаж таарна л даа.
Э.Бат-Үүлийн хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг амлан авч өрсөлдсөн. Баатар хүний хувьд МАН-ын даргатай өрсөлдөх шаардлага байсан байх л даа. Харин нөхөн сонгуулийн зай гарахад Хэнтийд даагаа нэхэх шаардлагагүй гэж үзсэн бололтой, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд зодоглохоор болжээ. Хотын даргаар 2012-2016 онд ажиллахдаа дахин төлөвлөлтөд хүүгийнх нь компани орсон нь жаахан хэл ам дагуулдаг болохоос албан тушаалдаа бол эзэн байж чадсан гэгддэг. Тийм ч болохоор хотын тойргийн хаана ч очсон “40 мянгат”-ын унаган иргэн энэ цагаан толгойтой баатар тун эвгүй өрсөлдөгч байж таарна. Харин Хэнтий аймагт нэр дэвших гэж байгаа Б.Гарамгайбаатарын хувьд 2012-2016 онд УИХ-д Хэнтий аймгийг төлөөлж байлаа. Түүгээр барахгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга байсан. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө тойрог хуваарилж байхад “Чингис хааны төрсөн нутаг яагаад гурван мандаттай байж болдоггүй юм бэ” гээд Булган аймгаас нэг тойрог аваад Хэнтийг гурван мандаттай болгочихож байсан нөхөр л дөө. Сонгуульд ялагдсаныхаа дараа “Фортуна” хэмээх Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар хоёр албан тушаалаа урвуулан ашигласан асуудлаар хууль шүүхийн хаалга сахиж байгаад сүүлд хэрэгсэхгүй болсон шиг санагдаж байна. Ямар ч байсан Хэнтийдээ бол нэр нүүрээ алдчихсан хүн биш байх.
Эдгээрээс гадна өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам, Зөв хүн-Электорат эвслийг УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүрэгт Зөв хүн-Электорат эвслээс Б.Найдалааг нэр дэвшүүлнэ гэдгээ Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд зарлаад байгаа. Сонгуулийн шат бүрд нэр дэвшүүлсээр сүүлдээ УИХ-ын нөхөн сонгуульд ч Б.Найдалаа л энэ намаас явж байна. Энэ нь ХҮН-ыг бас ямар хэмжээний хүний нөөцтэй вэ гэдгийг ч харууллаа гэх хүн байгаа юм. Иргэний зориг ногоон намаас олон улсын мэдээний тоймчоор ажиллаж байсан Ш.Гантулгыг нэр дэвшүүлэхээр болсон тухайгаа зарласан. Ийгл телевизэд олон улсын мэдээ бэлтгэж байгаад сүүлийн жилүүдэд иргэний хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцож байгаа хүн л дээ. Дээр нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нэр дэвшихээр болжээ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан юм. Одоо нөхөн сонгуулиар дахиад нэг үзээд алдахаар шийдсэн бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )