Сүга Ёшихидэ энэ сард болох сонгуульд өрсөлдөхгүйгээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан билээ. Учир нь, Японд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, түүний рэйтинг бүх цаг үеийн түүхэн доод хэмжээнд хүртэл унасан юм. Японд коронавирусийн 1.5 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн амын 40 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Мөн "Токио 2020" олимпын наадмыг зохион байгуулахаар шийдсэн нь Японы эдийн засагт хүнд цохилт болсон билээ. Асахи сонин олимп болохоос өмнө судалгаа явуулахад хүн амын гуравны нэг хувь нь цар тахлын нөхцөл байдалд олимпыг зохион байгуулах хүсэлгүй гэдгээ илэрхийлж байсан билээ. Энэ нь түүний рэйтинг унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Сүга өнгөрсөн оны есдүгээр сард өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзог эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа Засгийн газрын тэргүүний албан тушаалд очсон юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сүүлийн саруудад япончууд дархлаажуулах ажил удаашралтай байгаад сэтгэл хангалуун бус, коронавирустэй тэмцэх арга хэмжээнийх нь үр дүнд эргэлзэж буйтай холбоотойгоор Сүгагийн Засгийн газрын рейтинг 30 хувиас доошилж унажээ. Тэгвэл түүний орыг хэн залгах вэ гэдэг дэлхий дахины анхаарлыг татаж байна.
Японы дараачийн Ерөнхий сайдад нэр дэвшигчид
ФУМИО КИШИДА, /64 настай/
Гадаад хэргийн сайд асан Кишида нь өнгөрсөн есдүгээр сард огцорсон Абэ Шинзогийн өв залгамжлагч хэмээгдэж байсан билээ. Тэрбээр өнгөрсөн онд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн сонгох санал хураалтад намын удирдлагуудын санал хураалтаар хоёрдугаарт бичигдэж байсан юм. Кишида цар тахлын эсрэг тэмцэхэд олон арван их наяд иенийн эдийн засгийг дэмжих багц хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тэрбээр Кишида Сүгагийн Засгийн газрыг шүүмжлэгчдийн нэг.
САНАЕ ТАКАЙЧИ, /60 настай/
Абэгийн шавь, Дотоод хэргийн сайд асан Такайчи Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өмнөх засаг захиргааны шийдвэрлэж чадаагүй асуудал тухайлбал инфляцыг хоёр хувьд барих, цар тахлын улмаас хүнд байдалд орсон Японы эрүүл мэндийн системийг бэхжүүлэхээ амлажээ. Намын хамгийн консерватив үзэлтнүүдийн нэг тэрбээр Японы дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг Ясукуни сүмд байнга очдог. Такайчи гэрлэсэн эмэгтэйчүүдийг өөрийн овог нэрээ хэвээр нь үлдээхийг зөвшөөрдөггүй бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг дэмжигчдийн урмыг хугалдаг. Тэрбээр удирдлагын сонгуульд оролцоход шаардлагатай 20 гишүүний саналыг авах эсэх нь тодорхойгүй байна.
ТАРО КОНО, /58 настай/
Жоржтауны их сургуульд боловсрол эзэмшсэн, англи хэлээр чөлөөтэй ярьдаг Коно нь Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Тэрбээр Абэгийн бодлогыг баримталдаг. Түүнчлэн Японы Сангийн сайд Таро Асо нэр дэвших тухай ТВС телевиз мэдээлсэн байна. Харин тэрбээр хамтран ажиллагсадтайгаа сайтар ярилцсаны дараа шийдвэрээ гаргана гэж мэдэгдээд байгаа аж.
ШИГЕРУ ИШИБА, /64 настай/
Батлан хамгаалахын сайд асан Ишиба сонгогчдын дунд явуулсан санал асуулгад тогтмол дээгүүр байр эзэлдэг боловч намын гишүүдийн дунд төдийлөн нэр хүндтэй бус. Тэрбээр 2012 онд болсон намын санал асуулгын эхний шатанд ард түмний дэмжлэгээр Абэг ялсан боловч хоёрдугаар шатанд ялагдсан юм. Ишиба Японы банкны хэт бага хүүг бүс нутгийн банкуудад хохирол учруулж байна гэж шүүмжилдэг билээ.
Сейко Нода, /60 настай/
Абэг шүүмжлэгчдийн нэг, Дотоод хэргийн сайд асан Нода мөн Ерөнхий сайдад нэр дэвшиж буйгаа мэдэгдээд байна. Тэрбээр эмэгтэйчүүдийг гэрлэснийхээ дараа заавал нөхрийнхөө овгийг авахыг эсэргүүцдэг. Нода 2015 онд Либерал Ардчилсан намын даргын төлөө Абэтэй өрсөлдсөн боловч 20 дэмжигчийн санал дутсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )