ОХУ-аас экспортын хэмжээнд хориг тавьсантай холбогдуулан манай улсын шатахуун борлуулах цэгүүдэд шатахууны хомсдол үүссэн гэх мэдээлэл бий. Тус мэдээллийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.6-д холбогдох төрийн байгууллага нь аж ахуй нэгжүүд, байгууллагуудтай холбогдож цаг тутам мэдээлэл авах ёстой байдаг. Үүний дагуу бидэнд ирсэн мэдээллээр “Магнай трейд”, “Сод монгол” зэрэг зарим газруудад 30-40 мянган төгрөгийн хязгаарлалтыг тогтоосон гэх мэдээллийн дагуу шалгаж байна. Өнгөрөгч долоо, наймдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас манай оронд АИ95, АИ98 төрлийн автобензиныг нийлүүлээгүй. Учир нь ОХУ-ын дотоод зах зээл дэх шатахууны үнийн өсөлтөөс гадна газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг шинэчлэн засварладагтай холбоотой юм.
Тиймээс БНХАУ-ын “China Oil” компанитай холбогдон тус бүтээгдэхүүнүүдийг татан авалт хийсэн. Одоогоор АИ92 бензин хорь гаруй хоногийн нөөцтэй байгаа. Шатахууны хомсдол үүсээгүй. Ойрын хугацаанд бид нөөцийн асуудалд анхаарал хандуулж БНХАУ-аас тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүний татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага болоод аж ахуй нэгжтэй хамтран дараа дараагийн арга хэмжээнүүдийг авч ажиллана. Мөн цаашид шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь есдүгээр сарын АИ92 бензины үнэ тонн тутамдаа 34 доллар бууж ирсэн учраас үнийн өсөлт тогтвортой байна” гэв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )