Сурвалжилга: “Агаар дээрээс нэгнээ харах нь хамгийн жаргалтай мөч”

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Мэргэжил бүхэн сайхан гэдэг.  Бид энэ удаагийн сурвалжлагаараа нэгнийхээ ажлыг харсаар кранистын мэргэжилд дурлаж, өдгөө хамтдаа ажилладаг кранист гэр бүлийн талаар хүргэх гэж байна.

Мэргэжилдээ дэндүү хайртай, “Кранист гэдэг чинь тэнгэрийн ханхүү, тэнгэрийн бүсгүй шүү дээ” хэмээн бахдалтайгаар хэлэх залуухан хос биднийг угтав. 

Нөхрийг нь А.Ариунбаатар, гэргийг нь Б.Нямхүү гэдэг. Тэд гэр бүл болоод 13 жилийн нүүрийг үзэж буй бөгөөд залуу хосууд есөн настай нэг хүүтэй гэнэ.

А.Ариунбаатар 10 жил кранист хийжээ. Өндөр дээр гараад, кран бариад ажиллаж чадна гэж төсөөлж ч байгаагүй хэмээн ярих тэрбээр одоо ажлаа дэндүү жаргалтай хийдэг. 

Харин түүний эхнэр Б.Нямхүү нөхрөө харсаар энэ мэргэжилд дурлажээ. Бүх зүйлийг үргэлж дээрээс нь хардаг болохоор миний мэргэжил гоё байдаг хэмээн ярих тэрбээр “Нөхрөө 18 давхар кран дээр гарч байхад нь доороос нь харж зогсож байлаа. Тэгээд л гоё санагдаад 2016 онд анх кранист болсон” гэв.

А.Ариунбаатар бол удам дамжсан кранист. Түүний ээж барилгын салбарт яг энэ мэргэжлээр 30 гаруй жил ажиллажээ. "Манай ээж насаараа кранист хийгээд одоо тэтгэвэртэй гарах гэж байгаа. Дээр үеийн кранистууд ихэнх нь эмэгтэй хүмүүс байсан гэсэн. Одоо эхнэр маань ч бас энэ мэргэжлээр ажиллаж байна. Кран баримаар байна гээд ирэхэд нь би дургүйцээгүй ээ. Харин ч дэмжиж, урам өгсөн. Эмэгтэй хүн илүү нямбай хийдэг юм. Эхнэр маань хурдан сурсан шүү” хэмээн бахдалтайн аргагүй инээв.

Кранист бүсгүйн “ордон”-оор зочлохоор тэнгэрийн зүг рүү “өртөөлсөн” урт шатаар дээш мацлаа.  Кран барилгынхаа хэмжээгээр өндөр болдог аж. Биднийг очиход барилгын дөрвөн давхар нь сүндэрлэсэн байв. Тэгэхээр энэ хэмжээний өндөрт гарсан гэсэн үг. Тэдний хувьд энэ нь намхан байж болох ч анх удаа гарсан миний хувьд амьдралын минь хамгийн түгшүүртэй, урт зам мэт санагдсаныг нуух юун.

Дээш гарахад их хотын амьдрал нүдэнд бэлхнээ харагдаж, кранист бүсгүйн хэлсэн “бүхнийг дээрээс хардаг болохоор гоё байдаг” гэх үгийн учрыг сая нэг ойлгов.

Ажлаа хийх зуур тэрбээр “Кранист гэдэг маш хариуцлагатай мэргэжил. Барилгын ажлын 70-80 хувь нь кранаас шалтгаалдаг. Кранист нь нэг цаг хоцорвол тухайн барилга дээр ажиллаж байгаа 50, 60 хүний ажил зогсоно” хэмээн учирлалаа. 

Тэд хоногийн 24 цагийн тэн хагасыг энд өнгөрүүлдэг.Барилгын хоёр талаас нэгнээ харж, гараа даллаж, инээлдэнэ. Энэ л тэдний хувьд амьдралынх нь хамгийн жаргалтай мөч. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top