-Катар улсын шейх Жоаан Хамад К Х Ал-Танигий нэр дээр 60 шонхрын зөвшөөрөл өгчээ-
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн малчин А.Мөнхбатаар шонхрын анчин арабуудын буусан отгийг заалгаж авсан бид энэ удаад төвөггүйхэн оллоо. “Худаг хүрээд баруун гар талаа бариад явахаар маш тод замаар явсаар хүрчихнэ. Тэд нарын гаргасан зам байгаа юм” хэмээн хэлсэн нь аргагүй үнэн аж. Биднийг хүрч очиход өөрийн нэрийг хэлж, зургаа даруулахыг хүсээгүй Төв аймгийн Цагдаагийн газрын нэгэн цагдаа тосон ирж, дотогш нэвтрүүлэхгүй гэдгээ хэллээ. Тэрээр мөн л энэ отгийн хамгаалалтыг хариуцаж байгаа бөгөөд энд ирээд арваад хоножээ. Саудын Арабын отгийн нэгэн адил төмөр хашаагаар хашаалсан байна. Өгөөмөр багийн Чулуут хэмээх газар буусан энэ отог хоёр тусдаа, нэлээд том аж. Наана байгаа туулах чадвар сайтай том машинууд зогсоосон, орчуулагч, анчид, хөлсний ажилчдын байрладаг газар бол үүнээсээ 500 орчим метрийн зайд ханхүүгээ хүлээн авах отгоо байрлуулжээ. Цагдаад нь учир байдлаа хэлж ойлгуулаад орчуулагчийг нь дуудууллаа. Хашаан дотор урт нөмрөг өмсөж, толгойдоо алчуур ороосон арабууд хоорондоо хашхирч ярих нь загнаад байгаа юм шиг чихэнд төвөгтэй. Удаж байж торон хашааны цаанаас өндөр залуу “Юун хүмүүс вэ” хэмээн чангаар дуудахаар нь “казах хүн бололтой” хэмээн бодсон маань зөрсөнгүй.
Тэрээр бидний учир байдлыг сонсоод “Албан ёсны зөвшөөрөлтэй” гэж хэлэн үл тоосон байдал гаргаад цааш эргэхийг завдав. Харин учирлаж хэлсний дараа тэрээр албан ёсны зөвшөөрөл, отгийнхоо талаар бидэнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн. Түүнийг К.Телешхан гэдэг. Нийслэлийн Налайх дүүргийн иргэн бөгөөд шонхрын арабуудтай сүүлийн арваад жил орчуулагч хийн хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тэрээр зөвшөөрлийн бичгээ барьж ирэн түүнийгээ үзүүлж байгаад “Энэ бол Монгол Улсын БОАЖЯ-ны албан ёсны зөвшөөрөл. Хоёр улсын Засгийн газрын хооронд хийсэн гэрээний дагуу олгогдсон. Энэ оны наймдугаар сарын 04-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд идлэг шонхор шувуу барина. Нийт 15 аймгийн нутгаар чөлөөтэй явах зөвшөөрөлтэй” гэлээ.
К.Телешхан: Барих явцдаа сайн шонхор биш бол буцаагаад тавьдаг
-Катар улсын шонхрын отог юм байна. Зөвшөөрөл нь хэзээ гарсан бэ. Хэчнээн шонхор барих эрхтэй вэ?
-БОАЖЯ-наас наймдугаар сарын 04-нөөс арваннэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд шонхор агнана гэсэн зөвшөөрөл гарсан. Манайх нийтдээ 60 шонхор барих эрхтэй. Зааж өгсөн аймгуудын нутаг дэвсгэрээс барина.
-Тухайн аймгуудынхаа нутгаас л барих уу?
-Тийм. БОАЖЯ-наас Сүхбаатар, Хэнтий, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс гэсэн газруудаар явж шонхор барина. Зөвхөн энэ аймгуудаар л явна гэсэн үг.
-Баян сумын Чулуут гэж энэ газар хэзээ ирсэн бэ?
-Манайх бол анх 2016 онд Монголд ирсэн. Ер нь их том отог. Ноднин жил бас энэ хавьдаа отоглосон. Гэрээнийхээ дагуу арваннэгдүгээр сарын 15 хүртэл байх ёстой. Гэвч есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эх гэхэд энэ отгоо буулгах байх.
-Барих тооноосоо илүү гаргаж бариад дараа нь шилж сонгоод авч явдаг гэсэн хардлага байдаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Мэдээж 60 шувуугаа л бариад авч явна. Манай хил гааль их чанга шүү дээ. Шилж сонгох тал дээр бол сайн мэдэхгүй. Барих явцдаа үнэхээр сайн шонхор биш бол тавиад явуулчихдаг юм билээ.
Катар улсын шейх Жоаан Хамад К Х Ал-Тани гэгч хүний тус отог нь манай улсад сүүлийн таван жил тасралтгүй ирсэн байна. Энэ жилийн хувьд 60 идлэг шонхор барих, хилээр гаргах зөвшөөрөлтэй гэдгийг орчуулагч нь хэлж байна. Бидэнд мөн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдын гарын үсэгтэй гэрээ, зөвшөөрлийн бичгээ үзүүлсэн. Харин Төв аймгийн Баян сумын удирдлагуудтай 10 шонхор барих гэрээ хийжээ. Хил гаалиар нэвтрэхээс ч хэцүүхэн хашаа хороотой учраас яаж ч оролдоод биднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Дээрээс нь алтан соёмботой албаны хувцастай хүн хамгаалж байгаа болохоор бид дур мэдэн дотогш орж болохгүй. Шонхроо тэргүүндээ залчихаад түүнийг нь барьж, хилээр гаргаж, тамлан зовоож, заримыг нь бүүр алж устгадаг хүмүүсийн хамгаалалтад тушаал гүйцэтгэн гарч байгаа тэдний сэтгэлийг ч бас бодох нь зүйтэй. Тавьсан шаардлагыг нь зүй ёсоор биелүүлж, цаад талд байгаа ханхүүгээ хүлээж авах отгийг нь үзэхээр хөдөлтөл өнөөх цагдаа машинтайгаа дагалаа. Ханхүүгийн отог дээр очоод тэрээр зураг авах, бичлэг хийхийг хориглоод “Энэ бол төрийн тусгай хамгаалалттай газар” гэсэн юм. Учир нь ханхүү нь ирэхээр манай Төрийн тусгай хамгаалалтаас хүмүүс ирж ханхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах ажээ. Харин өнөөх ханхүү нь ирээгүй байхад яахаараа “Тусгай хамгаалалттай газар” болчихдогийн учрыг ойлгосонгүй. Тус отгийг ханхүү нарыг хүлээж авдаг отог ямар байдаг, түүний нэгэн адил тохижуулжээ. Тохижуулах, засварлах ажил дуусаагүй байгаа нь илт. Энэ отгийн хашааны үүдэнд цагдаагийн машинтай нэг цагдаа мөн хамгаалалтад гардаг юм байна. Барьсан шонхроо энд тусгай асарт модон шон дээр малгай өмсгөн хөлнөөс нь уяж байлгах бөгөөд тийшээ хэнийг ч оруулдаггүй гэж цагдаа нь ярилаа. Маллагч, сургагчаар нь гурван Пакистан улсын иргэн байдаг гэнэ. Шинэ хонь гаргаад гуяны болон гол махыг нь шонхорт өгч, үлдсэнийг нь маллагч нар хоолондоо хэрэглэнэ. Гурван маллагч ч шонхруудаас холдох эрхгүй, тэндээ хоноглодог аж. Энэ отгоос зүүн хойно зүгт километр хүрэхгүй газарт Цайдам нуур мэлтэлзэн харагдана. Өгөөмөр багийн нутагт ер нь том, жижиг хэд хэдэн нуур байдаг юм билээ. Мөн 2013 онд стратегийн ордоор бүртгэсэн Цайдам нуурын нүүрсний уурхай чанх хойно нь бий. Тус уурхай нь 6.8 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэдгийг судлаачид тогтоосон байна. Баян сумыг улс даяар алдартай болгодог бас нэгэн зүйл бол төрийнхөө наадамд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн Ж.Шийтэрийн алдарт “Засаг төрийн зандан ширээ” хэмээх азарга. Уулзсан хүн болгон энэ алдарт хүлгээр бахдан ярих нь аргагүй л хурдны өлгий нутгуудын нэг болохыг харуулна.
Энэ бүхнийг дурдсан нь бид бүхэн орон нутгийн малчдын сэтгэгдэл сонсохоор нэгэн айлыг зорьж очсонтой холбоотой. Шонхрын анчдын отгоос чанх хойш чиглэн явсаар нэгэн гүвээн дээр гарвал гадаа нь адуу мал багширсан хоёр гэр харагдав. Дөхөөд очтол өөдөөс асар том банхар угтан тоссон хэдий ч нэг их сүрийг үзүүлэлгүй цааш яваад гэрийн сүүдэрт буруу харан хэвтээд өгөв. Унаганы зэлэн дээр хүмүүс цугларч, сарвай даагануудыг хүүхдүүд бугуйлдаж байсан нь унагаа тамгалж байжээ. Намрын тэргүүн сарын хөх бар өдөр тохиож буй учраас аймгийн Сайн малчин Б.Даваасүрэнгийн үр хүүхэд, найз нөхөд нь цуглан унагаа тамгалж байгаа гэнэ. Эднийх сүүлийн үед малчид ихээр хэрэглэх болсон “Цагаан тамга” буюу шингэн азотоор унагаа тамгалж байв. Ингэхдээ унага, даагаа унаган богчилж хүлээд тамга дарах ташаа орчмын үсийг татуургаар нямбайлан хусдаг. Дараа нь гадуур нь гадагш алдахаас сэргийлэн цуваар бүтээсэн төмөр саванд шингэн азотоо хийж, түүндээ тамгаа хийн хэсэг байлгасны дараа тамгална. Шингэн азот хийсэн савных нь гадуур мөстсөн цан тогтдог аж. Энэ бүхнийг харж, ганц нэгэн унага барилцаж зогстол гэрийн эзэн Б.Даваасүрэн хэсэг адуугаа туусаар ирлээ. Эднийх арав гаруй азарга адуутай бололтой. Катарын отог өнгөрсөн долоодугаар сарын 29-нд анх ирж буужээ. Хонь малыг нь үргээж, дундуур нь давхиж таслах гээд өдөр тутам асуудал мунддаггүй байна. Малчин Б.Даваасүрэнгийн өвөлжөө, хаваржааны нутаг дээр буучихсан болохоор очиж уулзахад “Албан ёсны зөвшөөрөлтэй учраас хаана буух нь бидний дур” маягийн юм яриад халгаагаагүй гэнэ. Түүний эхнэр н.Ганцэцэг нэг удаа арабуудад хэдэн хурга, хонь заржээ. Харамсалтай нь төлбөр мөнгөө авахын тулд тэднийг хашааных нь гадна өдөржин хүлээж, шалгуулж болох бүхнээ шалгуулжээ. Хэл нэвтрэлцэхгүй учраас орчуулагчийг нь хүлээхээс өөр арга байдаггүй гэдгээ учирлаж байлаа.
Албан бус эх сурвалжийн бидэнд хэлснээр энэ жил БОАЖЯ-наас 250 хүртэлх идлэг шонхрыг хилээр гаргах зөвшөөрөл олгосон гэсэн юм. АНЭУ-ын ханхүүд өгсөн 30, Катар улсын шейх Жоаан Хамад К Х Ал-Тани 60, шейх Абдулрахман Бин Хамад Бин Халид Ал Танигийн нэр дээр 10, Саудын Арабын хунтайж ХаледБин Абдулазиз Бин Ал Саудын найман шонхрын эрх олгосон гээд бидэнд ил болсныг нь нэмэхэд л бараг талд нь хүрч байна. Үүнээс гадна Саудын арабын зарим отог, Кувейтын хэд, хэдэн отогт өгсөн зөвшөөрлийн тоо нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Кувейт улсын нэлээд хэдэн отог байгаа юм билээ. Хөвсгөл, Завхан аймгуудад ч мөн арабын отог гарсан. Тэд энэ есдүгээр сардаа амжиж овоо хэдэн шонхор барихаар хичээнэ. Учир нь намар оройхон өглөө, оройны сэрүүнд шонхрын анчид бөөвийчихдөг юм. Дулаан байгаа дээр аль болох олон шувуу барьж, Эмээлт, Баруунтуруун орчимд байдаг өөрсдийн хашаа, гражид шувуунуудаа цуглуулна. Ингэхдээ сум, орон нутгаас акт үйлдүүлж, төлбөрийг нь төлөөгүй шувууд ихээр оруулж ирдэг юм. Тиймээс л БОАЖ-ын сайд Н.Уртнасанг “Төлбөрийг нь авч байгаагаараа сум, орон нутаг нь хяналтаа тавих ёстой” гэж булзаж суухын оронд хууль, журмынхаа хэрэгжилтэд анхнаас нь дорвитойхон хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэдгийг улиглан бичээд байгаа хэрэг. Тэгэхгүй бол 60 шонхрын эрхтэй нэг араб “50-ыг л барилаа” гээд сумаас үйлдүүлсэн актаа үзүүлээд үлдсэн арвыг нь үнэгүй аваад буцна. Учир нь тэд өөрсдийн онгоцоороо тээвэрлэдэг болохоор манайхны хяналтад тэр бүр өртөхгүй. Өртөх байлаа ч тэд зохицуулж дөнгөнө. Яагаад гэхээр тэд бол мөнгөтэй. Гэвч мөнгөтэй нь эзэн үү, монголчууд өөрсдөө энэ нутгийн эзэн үү гэдгийг харуулахын тулд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа чангахан мөрдүүлэх хэрэгтэй байгааг салбарын сайд, дарга нар нь ухаараасай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
xoogood garga guugai Oyunxorol chavfants xuusen nugel
Мөнгөтэй болгон эзэн суудаг болж. Бүр хашаалж аваад яаж монголчуудыг үл тоож байгааг нь арай л юмаа. Зайлуулбал таараа муусайн хүн чанар муутай дээрэнгүй халтарууд
hutsdag hujaa ve uhsnii chini chini geree meree zuvshuurul,hurdan zail ter kazahruugaa naad hulgaich haltaruudaa avaad..
арай ч дээ монгол нутаг харийн нутаг болжээ. Хятад гэгээд байсан одоо арабууд төрийн хэдэн өндөрлөг юу бодож байдаг юм бол доо хөөрхий ард түмэн ядуураад гэгээд л байдаг................................. энэ олж байгаа орлого хаана байдаг бол улс орноо аварье төрийн өндөрлөгүүдэээ ухаарах цаг иржэээ ээээээээээээээээээээээээээээээээээээээээ\n