Саяхан даа, Ц.Идэрбат хэмээх залуу өөрийгөө “Чингис хотын захирагч” хэмээн зарлан гарч ирж байв. Уг нь Монгол Улсад Улаанбаатараас өөр албан ёсны хот байхгүй ч өөрийгөө “Хотын захирагч” хэмээн сүрхий нэрлэсэн нөхөр гэнэт гарч ирсэн. Ингээд зогсохгүй гэрлийн хурдаар явж, Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдох нь тэр. Гэтэл өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх эрхийн мандатыг ах намын Бага хурлаас өрсөлдөгчгүй шахам авч байгаа нь олон хүнийг гайхахад хүргэлээ. Залуусаа дэмжих нь улс төр бүү хэл энэ жамын хууль учраас яах ч аргагүй. Гэтэл энэ намд нь 20 жил зүтгэсэн нөхөр өнөөдөр дарга нарын үүд сахиад явж байгаатай нийцэхгүй болов уу.
Ц.Идэрбатад нэг сайн жишиг байна. Учир нь сум, аймаг, нийслэл, дүүрэг дамжаагүй залуусыг шуудхан УИХ-д нэрийг нь дэвшүүлж, сайд болгож байгаа нь Монголын төрд оруулж ирсэн муу жишиг. Үүнийг л эвдэж байгаа болохоос биш, улс төрд орж ирэх нь түүнд хэтдээ хэрэггүй зүйл болно. Яагаад гэхээр хэтдээ тэдэндээ боорлуулна. Энэ бүхнийг эх сурвалжууд ярихын сацуу түүнийг У.Хүрэлсүхийн ойрын хүн гэж байна. Няцаах аргагүй үнэн байх. Түүнээс бус Ц.Идэрбатад ах намд гайхуулаад байх гавьяа үгүй. Түүнийг Засаг даргаар томилж байх үед “Мэргэжлийн, туршлагатай, залуу хүмүүстээ хариуцлага үүрүүлж, ийм томилгоо хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын залуу үеэ дэмжиж буй дараагийн, ээлжит томилгоо нь энэ юм” хэмээн хэвлэл мэдээллийн хуудснаа үзэгдэх болсон нь санаандгүй хэрэг огт биш.
Уг нь Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар дөрвөн жил чамбай ажиллаад ирэх 2024 онд нүүр бардам нэр дэвшсэн бол улс төрийн зам нь цаашид дардан байх байлаа. Ядахад Н.Ганбямба шиг ажиллачих хэрэгтэй байв. Одоо УИХ-д орж ирвэл тэр хэн ч биш болно.
Н.Ганбямбын хувьд “Бид нэг баг. Баг дотроосоо аймгийн Засаг дарга маань тодорч байна. Бид баг болж дөрвөн жил гар нийлэн ажилласан. Аймгийн маань эдийн засаг өнөөдрийн байдлаар 506,7 тэрбум төгрөгийн ДНБ-тэй, аймгийн төсөв 4.4 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй байна. Ингээд шинэ Засаг даргадаа гялалзсан сайхан амжилтыг хүсье” гэж түүнийг ерөөж байв. Гэтэл тэрээр өнөөдөр ямар ч үзүүлэлтгүй УИХ-д орж ирэхэд бэлэн боллоо.
Энэ үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Ц.Идэрбат өөрөө “Н.Ганбямба даргын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар 2016 оноос сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд орон нутагтаа 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, олон арван бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг шинэ шатанд хүргэж чадсан юм. Тиймээс хөгжлийн хөрсийг амжилттай тавьж, дөрвөн гишүүнтэй мэт ажиллаж чадсанд Н.Ганбямба даргадаа талархлаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье” хэмээн Ц.Идэрбат дарга мэдэгдэж байв. Аймгийн Засаг дарга нарыг У.Хүрэлсүх дарга тэгтлээ төвөгшөөгөөгүй.
Тэр тусмаа Ц.Идэрбатыг бүр ч амархан томилсон. Тэрбээр багш мэргэжилтэй Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг хэмээн тодотгодог. Орон нутгийн хэмжээнд 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2016 оноос Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч хэмээн өөрийгөө нэрлэж ирсэн л хүн. Мэдээжийн хэрэг, МАН-д орон нутгийн хэмжээнд зүтгэсэн гавьяа байдаг л байх. Түүний хувьд Хэнтий аймгийн намын хорооны улстөрийн ажилтан, Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлага байгааг үгүйсгэх аргагүй. Үнэнийг хэлэхэд байгуулсан гавьяа байхгүй, тарьсан гай ч үгүй нэг нөхөр гэрлийн хурдаар Төрийн эрх барих дээд байгууллага руу айсуй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Яахав залуу хүн үзүүлээд өгөөрэй
Test