Б.Ангараг: Хаяанаасаа холдож үзээгүй хүн босгоо давж сэтгэдэггүй юм шүү

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

-Турк улсад болох үзэсгэлэн яармагуудад оролцсоноор европийн компаниудтай түншлэх зах зээлээ өргөжүүлэх боломжтой-


Монголын үйлдвэржилт инновацийн төвийн тэргүүн Б.Ангарагтай тус төвийн явуулж буй үйл ажиллагаа болон аялал жуулчлалын талаар ярилцлаа. Энэхүү төв нь Монголд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж буй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай хамтарч ажилладаг мөн олон улсын зах зээлд томоохон үзэсгэлэн худалдаа явуулдаг билээ.

-Монголын үйлдвэржилт инновацийн төв нь олон улсын шинжтэй ямар ямар ажлууд зохион байгуулж байсан бэ?

-Манай төв нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж буй иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад эрэлхийлж буй шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийн санг бий болгох зорилготойгоор 2014 онд байгуулагдсан. Мөн тухайн чиглэлийн нарийвчилсан мэдээллээр хангах, тэднийг дэмжих замаар жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ чиглэлээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, олон улсын томоохон үзэсгэлэн яармагт зохион байгуулалттайгаар оролцуулах үндсэн зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж үзэж болно.

Манай байгууллага нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж шинэ технологи, инновацийн чиглэлээр хаана олон улсын нэгдсэн, томоохон үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана тэнд шинийг эрэлхийлж буй залуусаа нэгтгээд зохион байгуулаад явдаг. Энэ хугацаанд манай байгууллагын гишүүнчлэлийн тоо 1211 хүрчээ. Нийт 74 удаагийн гадаад аялал зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоороо 6213 хүн энэ аялалд хамрагдсан тоо байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагддаг Кантоны үзэсгэлэн яармаг, Шанхайн үзэсгэлэн, Хонгконг, Тайвань, Тайланд гэх мэт аялал, амралт хосолсон аяллыг хийдэг нь ололт амжилтыг чамгүй дагуулж байгаа шүү. Манай байгууллага гишүүнчлэлийн 160 байгууллагатай хамтран ажилладаг. Бидэнтэй хамт ганзага нийлж дөрөө харшин, шинийг эрэлхийлж явсан олон байгууллага бий.

-Цар тахлын үед аялал жуулчлалын компаниуд болон төрийн бус бай­гуул­лага, хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Танай компанийн тухайд ямар байдалтай байсан бэ?

-Мэдээж энэ бол бүх оутбаунд буюу гадаад, дотоод аялал жуулчлалын компаниудад болон бусад хувийн хэвшлийнхэнд маш хүнд цохилт болж хоёр жил элгээрээ хэвтсэн. Гэвч хамгийн гол нь улс орон маань эрүүл энх л байвал хэсэг зуурын хямрал ч тэвчих зүйл юм аа. Цаг сайхан болохоор бүх зүйл урьдын хэвдээ орж гадаад болон дотоодын аялал жуулчлалын салбараа дэлхийн хэмжээнд хүртэл өөд нь татах мөн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодлого төлөвлөгөө бүх жуулчны салбарынханд байгаа байх.

Энэ ташрамд хэлэхэд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон талын арга зам харагддаг. Хамгийн гол нь өөрсдийн баялгийн өвөрмөц тогтцууд түүхэн дурсгалт газрууддаа зоригтой, мэдрэмжтэй, оновчтой, сэтгэлтэй хөрөнгө оруулалтуудыг хурдан хугацаанд хийж төрийн бодлогоор энэ салбараа тултал нь дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал жуулчдыг татах өргөн дата, бааз, суурь боломжууд байгаа харагддаг. Хоёрхон жишээ ярихад, Хятадын шилэн гүүр гэхэд зургаан сая долларын хөрөнгө оруулалт хийж нэг сарын дотор түүнийгээ нөхөж өдөрт 500 мянган юань буюу 225 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна. Мөн Тэнгэрийн хаалга байна шүү дээ. Орлого нь шилэн гүүртэйгээ адилхан гэж сонссон. Хийж босгож бүтээх л хэрэгтэй. Үзүүлэх үйлчлэх сонирхох зүйлгүй байж жуулчдын урсгалаа нэмэх тухай бодоод ч хэрэггүй. Уламжлалт ахуй соёлоо орчин үеийн стандарт үйлчилгээтэй хослуулах нь маш чухал. Хамгийн гол нь Монгол гэдэг хувь хүний философи харилцаа чухал. Нэг хүнээр л Монголыг дүгнэнэ дахиж жуулчилж ирэх эсэх нь тодорхойлогдоно шүү дээ.

-Дэлхийн улс орнуудад цар тахлын дараа аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлсэн ямар туршлага байна вэ?

-Дэлхийн аялал жуулчлал тодорхой хувийн хязгаарлалт хяналтын хэмжээнд жирийн явж байна. Ер нь ихэнх улс орнуудын эдийн засгийн гол хөшүүрэг бол аялал жуулчлалын салбар учраас төсвийн маш өндөр хувийг бүрдүүлдэг. Харин манайд бол эсрэгээрээ. Аялал жуулчлалын салбараа орхичихсон, хэрэггүй шахуу салбар гэж хардаг. Хилээ нээсэн бусад улс орнуудад цар тахал нэмэгдээд байгаа нь гаднын жуулчдаас болж нэмэгдээд байгаа тоо харагдахгүй байна. Тэд маш өндөр хариуцлага, стандартын дагуу ажиллаж байгаа. Манайх шиг бүгдийг хаасан хорьсон боосон улс орон ер нь алга. Жишээ нь, зарим улс орнуудад зочид буудалд нь ирж PCR шинжилгээ авдаг, онгоцны буудал дээр нь түргэвчилсэн шинжилгээг өгдөг, амрах өрөөг хоол ундаар хангадаг. Манайхыг гээд зорин ирж байгаа хүмүүсийг дүрэм журам шалгуурын дагуу авах л хэрэгтэй. Тийм наад захын нөөц бололцоо техник технологи үйлчилгээг нэвтрүүлэх  ёстой. Тусгаар улс гэдгээ мэдрүүлж баавартай байх хэрэгтэй шүү дээ.

Турк улсад үзэсгэлэн яармагийн хур бууж дэлхий нийт тэнд цуглаж байна. Олон улсын бүх салбарынхан хийсэн бүтээснээ бэлээхэн танилцуулж гайхуулж гайхшруулж байна. Хүрээд ирээрэй, үзээрэй, хараарай, судлаарай, хамтаръя гээд хэдэн мянгаараа дуудаж байна. Бид үзэж харж судалж суралцаж холбоо хэлхээ тогтоож байх нь улс орны хөгжлийн нэгэн тулгуур. Баригдмал орчноосоо задарч тэлэх хэдэн уулын цаадахыг харж байж хөгжих юм л даа.

-Тун удахгүй Турк улсад зохиогдох нэгдсэн үзэсгэлэн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Үзэс­гэлэн яармагт оролцох байгууллага болон хувь хүний шалгуур юу юу байх вэ?

-Турк улс нь өөрөө Евро Азийг холбосон байрлалд оршдог маш том худалдаа үйлдвэрлэлийн зангилаа улс орон бөгөөд Европын Хятад ч гэж нэрлэдэг. Жишээ нь, Европын бэлэн хувцасны хэрэглээг ганцаараа 40 хувийг хангадаг маш том үйлдвэрлэл эрхэлдэг орон. Тэднээс суралцах зүйл бидэнд маш их бий. Турк улсын Анталияа болон Станбул хотуудад энэ сарын 26-наас ирэх сарын 02-ны хооронд олон улсын таван салбар нийлсэн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. "Antalya city expo 2021” олон улсын косметик гоо сайхны бүтээгдэхүүн арчилгаа, спорт фитнессийн "Beauty & welnness show”,  хаяг реклам, сурталчилгааны материал, тоног төхөөрөмжийн "Promotion show", олон улсын бүх төрлийн цүнх, гутал, пүүз, арьсан эдлэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн "Aymod 2021" , нэгдсэн үзэсгэлэн яармагт судалгаа болон худалдан авалт хийх зорилгоор оролцох боломжтой. "Аэро Монголиа" компанийн захиалгат нислэгээр, Улаанбаатар-Анталия-Станбул чиглэлээр бизнес амралт хосолсон аяллыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ялангуяа манай дэд бүтэц хот тохижилт, хот суурин газрын холбогдох албаныхан болоод хаяг реклам тохижилт, тээвэр зууч, гоо сайхан эмчилгээ арчилгаа, тээвэр зуучийн салбарынханд маш хэрэгтэй чухал үзэсгэлэн яармаг болно гэж үзэж байгаа.  Ямар нэг шалгуур байхгүй. Шинийг эрэлхийлж буй хэн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй хүмүүс вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон байх гэсэн наад захын шаардлага бол мэдээж бий.

-Тус үзэсгэлэн худалдааны ач холбогдол, үр дүнгийн талаар юу гэж харж байна вэ?

-Энэхүү үзэсгэлэнд оролцож  Европын орон орны олон зуун компанитай харилцаа тогтоосноор манай дэд бүтцийн салбарынхан болоод үйлдвэрлэгч худалдаачидтай түншлэх боломжтой. Шинэ технологи, чанар, үнэ стандартын ахисан шат руу дэвшиж дэлхийн түвшний ойлголт авч дата баазаа өргөжүүлж, олон олон ашигтай боломж хувилбаруудыг олж авах давуу талтай.

-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Цаашид Туркын Станбул хотод Монголын технологи худалдаа, мэдээллийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаас гадна энд Монголдоо Туркын техник технологи, худалдааны төвийг нээж өргөн гүүр тавьж, коридор үүсгэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэхүү ажлыг “Аэро Монголиа” компани захиалгат нислэгүүдээр дэмжиж хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Туркад Монголын үндэсний үйлвэрлэгчдийн худалдааны төвийг нээх зорилготой. Монгол залуусыг БНХАУ болон Турк улсуудад үйлдвэржилт, технологи инновацын чиглэлээр сургалт дамжаа дадлагад хамруулах ажил төлөвлөсөн. Цаашид сан байгуулж эх оронч сэтгэлтэй, чадвартай үйлдвэрлэгч болох чин хүсэлтэй залуусаа чиглэлийн дагуух олон улсын үзэсгэлэнд оролцуулж туршлага судлуулах суралцуулах бодолтой. Хүн нь хөгжиж байж хөгжилд дэвшилд хүрнэ. Хаяанаасаа холдож үзээгүй хүн босгоо давж сэтгэдэггүй юм шүү. Аялал  бол аз жаргал, амжилтын эхлэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top