Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан З.Энхболдыг АН-аас хөөх шийдвэрт хүрчээ. Түүнийг Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласан, "хулгайлсан" гэж үзсэн байна.
Түүнчлэн АН дотроо хагаралдаж, хоёр хуваагдахад З.Энхболдыг гол үүрэг гүйцэтгэсэн, зохион байгуулагч нь байсан гэж тайлбарлажээ.
Энэ талаар АН-ын дарга М.Тулгат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр "Намын гишүүдээс хэд, хэдэн гомдол ирсэн. З.Энхболдын хувьд намын өнөөгийн хагарлын цаад зохион байгуулагч байсан гэх агуулга байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор нэр дэвших боломжгүй болсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед хариуцлага алдаж, дахин нэр дэвших боломжийг нь хаасан гэсэн гомдлын агуулга харагдсан. АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, хөөх шийдвэрийг гаргасан" гэх тайлбар, тодотголыг хэлжээ.
Үнэхээр ч Х.Баттулгыг өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг нь тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд "хулгайлсан", хаасан байдаг. Учир нь, Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох сонгууль шинэ Үндсэн хуулиар явагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа шинэ Үндсэн хуульд өмнө нь төрийн тэргүүнээр сонгогдон, ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй болсон. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай хуульчилсан бөгөөд зөвхөн нэг л удаа сонгогдоно гэж заасан юм.
Энэ нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихэд нь тушаа болж, тэр нэр дэвшиж чадаагүй билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр "боломжийг нь хулгайлсан" байдаг. Учир нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг оруулж ирж байлаа.
Хачирхалтай нь, төрийн тэргүүнийг төлөөлж байнгын хорооны хуралдаанд оролцсон З.Энхболд "Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг. Гэтэл хуучин Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь зохимжгүй болохоор 2021 он болгох нь зөв. Гэхдээ техникийн хувьд хүндрэл гарна, үүнийг Ажлын хэсэг, байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Тэгэхээр 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Тэгэхээр тэр өдрөөс мөрдөж болохгүй. Ядаж жил, хагас жилийн өмнө мөрдөж эхлүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа баталж, дараа нь оролцох хүмүүс нь бэлтгэлтэй байх үүднээс ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессоо явуулах хэрэгтэй. Тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 он хүртэл ажлаа хийж дуустал бололцоогоор хангаж өгөхийн тулд шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна, тэр дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс шалгараад хэн нэг нь Ерөнхийлөгч болсны дараагаас энэ хууль үйлчлээд эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг үйлчлэх хугацааг тавьж өгөхгүй бол болохгүй гэдэг байр суурьтай байна" хэмээн ярьжээ.
Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын саналыг хассан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
негее пууз емсдег хэнэггуй толгойт сармагчин саад болсон гээд байсан биш билуу