Орон нутагт АИ-92 шатахуун тасраад удаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

-Хязгаар тогтоочихоор банкаа дүүргэхийн тулд 3-4 газрын бензин хольж хийж байгаа ажээ-

 

Сүүлийн өдрүүдэд АИ-92 бензиний хомсдол үүсэж, шатахуун түгээх станцууд засвартай гэх шалтгаанаар үүдээ хааж, шатахуундаа хязгаарлалт тогтоож байгаа талаар мэдээлэл гарах болсон. Тэгвэл зарим сумдад шатахуун тасраад нэлээн хэд хонож байгааг иргэд хэлж байна. Харин АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийж “Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компаниас шатахуун импортолдог бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд тус компанийн засварын ажлаас шалтгаалан нийлүүлэлтийн хэмжээ буурсан. Тиймээс БНХАУ-ын “China Oil”, “Petro China” зэрэг компаниас шатахуун татах ажлыг аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж, шийдвэрлэж байгаа юм. Гаднаас орж ирэх импортын шатахууны нийлүүлэлт багассан хэдий ч дотоодын шатахууны нөөц хэвийн, АИ-92 бензин 28 хоногийн нөөцтэй. Шатахууны үнэ өснө гэсэн асуудал байхгүй, тодорхой хэмжээний нөөц л багассан. Бид шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр бууруулахыг шаардаж байгаа” хэмээн ярьсан.

Мөн энэ сарын 7-14-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Алтанбулаг боомтоор А-80 автобензин 2.559 тонн, АИ-92 5.205 тонн, түлш 13.908 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 318 гээд манай улсад нийт 25.454 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн гэнэ. Харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй шатахуун түгээх станцын 13 нь борлуулалт хийх боломжгүй болсон бөгөөд захын дүүргийн салбаруудыг хаасан гэдгийг ч тэрээр мэдээлэлдээ онцолсон.

Албаны хүмүүс ийнхүү “Нөөц хангалалттай” гэсэн тайлбар өгч байгаа ч амьдрал дээр тийм биш байгаа аж. Нийслэл, аймаг, сумдад шатахуун авахад литр, үнийн хязгаар тогтоож олгож байгаа бол зарим суманд шатахуун тасраад олон хонож байгаа гэнэ. Увс аймагт л гэхэд АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2330 төгрөг болсон бол Өлгий суманд 2560 төгрөг, бусад суманд 2500 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Харин “Тэс петролиум” компанийн Улаангом суман дахь хоёр ч салбар шатахуун дууссан гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Тэгвэл Увс аймгаас Завхан аймаг хүртэлх зам дагуу шатахуун түгээх станцуудаас “Тэс петролиум” компаниас бусад нь нөөц дууссан хэмээн шатахуун худалдаалахгүй байна. Бид шатахууны үнэ, хомсдолын талаар орон нутгийн иргэдээс дараах тодруулгуудыг авсанаа хүргэж байна.

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ИНХ-ын тэргүүлэгч Б.Далайбаяр:

-“Есдүгээр сарын эхээр шатахуун худалдан авах гэсэн хүмүүст өмнө өдөрт 20 литрийг л өгнө гээд квот тогтоочихсон байсан. Харин яг одоогоор бол гайгүй байна. Манай тосгонд өнөөдөр /өчигдөр/ АИ-92 шатахууныг 2250 төгрөгөөр борлуулж байгаа юм билээ. Ер нь манай тосгоны хувьд зун, намар аялал жуулчлалын гол цаг байдаг болохоор энэ үед шатахуун ховордох тохиолдол мэр сэр гардаг л юм” хэмээн хэлсэн. Тэгвэл Хатгал тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг НИК хувьцаат компанийн шатахуун түгээх станцын түгээгч “Хатгал тосгонд бензин тасраад нэлээд хэд хонож байна. Хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй. Үнийн хувьд 2220 төгрөгөөр зарж байсан” гэсэн юм. 

 

Дархан-Уул аймгийн иргэн Н.Ариунболд:

-Аймгийн төвийн зарим шатахуун станцууд ажиллахаа больсон гэсэн. Харин бензинтэй газрууд нь нэг хүнд 30 литрээс илүүг өгөхгүй байгаа юм билээ. Тэгэхээр хол газар явахын тулд 3-4 газар дамжиж байж машиныхаа банкийг дүүргэж байна. Энэ нь машинд сөргөөр нөлөөлж таарна. Дарханд өнөөдөр /өчигдөр/ АИ-92 шатахуун 2270 төгрөгийн үнэтэй байна. 

 

Дархан-Уул Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг:

-Одоогийн байдлаар манай суманд шатахууны нөөц хэвийн байна. Ургац хураалтын ид үе явж байгаа ч бороо орсоноос болж ажил саатсан. Нийтдээ 500 гаруй га талбайг ангилсан. Шатахууны хувьд аж ахуйн нэгжүүд маань намрын ажлаасаа өмнө нөөцөө бүрдүүлчихдэг учраас харьцангуй гайгүй.

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн н.Доржсүмбэр:

-Манай аймгийн хувьд сүүлийн өдрүүдэд 30 мянган төгрөгөөс дээш шатахуун өгөхөө больсон. Яг намрын их ажилтай энэ үед шатахуун хомсдож, ард иргэддээ хязгаар­лалт тогтоож байгаа нь том, жижигггүй чирэгдэл үүсгэж байна. Өнөөдөр /өчигдөр/-өөс "Петровис" компанийн шатахуун түгээх станц огт ажиллахаа больчихлоо.

 

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн н.Баярсайхан:  

-Би Цэнхэр сумын шатахуун түгээх станцад ажилладаг. Манайд АИ-80 бензин зарагдаж байгаа. Харин АИ-92 бензин дууссан. Энэ сарын 20-д гаргаад ирэх байх. Харин бусад шатахуун түгээх станцад ямар байгааг мэдэхгүй байна.

 

Төв аймгийн Жаргалант сумын иргэн З.Дэлгэрцэцэг:

Төв аймгийн Жаргалант сумын төвд шатахуун түгээх газар хоёр байдаг. Ид ажлын үеэр төмс, ногооны хураалтад явж байгаа хүмүүсээ талбайгаас зөөх, гэрт нь хүргэж өгөх, хоол ундны зүйлсийг дэлгүүр орж цуглуулахад бензин өдөр тутмын хэрэглээ байдаг. Гэвч бензин гэнэт тасарч олон хүмүүсийн ажлыг чирэгдүүлж байна. Тасарч, тасарч ирэхдээ 40-50 төгрөгөөр нэмэгддэг. Ажлаа амжуулахын тулд нэг литр бензин 2200 төгрөг болсон ч хийсээр л байна. АИ-92 шатахуун тасарсны улмаас хэд хоногийн турш АИ-80  бензинийг хийхээр машинд эвдрэл, гэмтэл гарч байна. Машиныхаа банкийг дүүргэж чаддаггүй, бага багаар хийдэг хүн олон байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top