УИХ-ын 18, 28-р тойрогт эзэн суух "МАРАФОН" маргааш эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар Хотын дарга болсон тул парламентад хоёр гишүүний орон тоо гарсан билээ.

Хуульд зааснаар УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон. Харин маргааш /2021.09.18/ нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж, нөхөн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ.

Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, ИЗНН-аас А.Бархүү, Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат, ШИНЭН-аас Д.Баатаржаваас гадна М.Чингисхаан бие даан нэр дэвшиж байна.

Харин УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл, ИЗНН-аас Ш.Гантулга, "Зөв хүн Электорат" эвслээс  Б.Найдалаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш. Төмөрсүх, "Үнэн ба Зөв" намаас А.Отгонбаатар, Дэлхийн Монголчууд намаас Л.Цог, "Ард түмний олонхийн засаглал" намаас А.Батдорж, ШИНЭН-аас Ц.Гантулга болон бие дааж Х.Бат-Ялалт нар нэр дэвших эрхээ авч, сонгуульт ажилдаа ороход ганцхан хоног үлдлээ.  

Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ авч, нэр дэвшин өрсөлдөхөөр болсон дээрх нэр бүхий 16 нэр дэвшигчийн хоёр нь УИХ-ын гишүүн болно. Ингэснээр 74 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын ахалсан өнөөгийн парламент 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм. Нөгөөтэйгүүр төрд өөрсдийнх нь дуу хоолой, зовлон жаргалыг нь хүргэх төлөөлөлгүй байсан Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн иргэд, сонгогчдийн эрх хангагдах билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top