НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой цахимаар уулзлаа

2021 оны 09 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Х.Фор НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцолж, цаашид хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, ундны усаар хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

Талууд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулсан Generation Unlimited түншлэлийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах чиглэлээр ажиллахаар тохирсон байна.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сантай 1965 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top