СУДАЛГАА: У.Хүрэлсүх тэргүүлж Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар удаалжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Улстөрчдийн чансааг тодорхойлдог MEC байгууллагаас есдүгээр сарын судалгааны дүнгээ танилцууллаа. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар 1012 хүнтэй утсаар холбогдож авчээ.

Судалгаагаар олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг 10 улстөрчийг нэрлэжээ. Уг жагсаалтыг Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх тэргүүлсэн байна. Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаалжээ.

Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсөн Х.Баттулга гуравдугаарт бичигдсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Иргэд, олон нийтэд хэлсэн үг, хийсэн үйлдэл болон үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг 10 улстөрчийн ес нь эрэгтэй байгаа бол үлдсэн нэг нь эмэгтэй улстөрч байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаас явуулсан судалгаагаар УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа багтжээ. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Харин өнгөрсөн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж, дахин парламентын гишүүнээр сонгогдсон юм. Түүнээс өмнө 2016-2020 оны хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Одонтуяа нараас гадна УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарыг судалгаанд оролцсон иргэд нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top