-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өгсөн эерэг, сөрөг үнэлгээ-
Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод зарладаг. Энэ жишгээр тэд ЕСДҮГЭЭР САРЫН судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар 1012 хүнтэй утсаар холбогдож, авчээ.
Улстөрчдийн чансааг тогтоох, тодорхойлох эл судалгаанд оролцсон иргэд төрийн гурван өдөрлөг, хотын даргын авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрийг өөр өөрсдийнхөөрөө үнэлж, дүгнэсэн байна. Түүнчлэн үйл ажиллагаа нь таалагддаг 10 улстөрчийг тодотгож, огт таалагддагүй 10 улстөрчийг ч нэрлэхээ мартсангүй.
-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ-
Судалгааны тайлан, дүнгээс харахад өнгөрсөн нэг сарын хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн нэр хүнд 0.2 функтээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо, наймдугаар сард 5.6 функт байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд 5.8 болж өссөн нь хэд, хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан байж мэднэ.
Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим эрх мэдлээсээ татгалзсан явдал нь олон нийтэд таалагдаж, нэр хүнд нь өсөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Тэрбээр өмнөх төрийн тэргүүн Х.Баттулгын татгалзаж чадаагүй эрх мэдлээс татгалзаж гацаанд ороод байсан Шүүхийн тухай хуулийг хөдөлгөж, гацаанаас гаргахаа мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АТГ-ын дарга болон шүүхийг томилдог, шүүгчид хариуцлага тооцдог эрхээ парламентад өгсөн нь нэр хүнд нь өсөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм.
-УЛСТӨРЧ У.ХҮРЭЛСҮХ-
Судалгаанд оролцсон иргэд олон нийтэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг 10 улстөрчийг нэрлэжээ. Уг жагсаалтыг Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүн У.Хүрэлсүх тэргүүлсэн байна.
Энэ бол түүнийг Монгол Улсын төрийн тэргүүний хувиар бус улстөрчийнх нь хувиар үнэлсэн олон нийтийн үнэлэмж гэж хэлж болно.
Харин эл жагсаалтыг Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаалжээ. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсөн Х.Баттулга гуравдугаарт бичигдсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Одонтуяа нараас гадна УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарыг судалгаанд оролцсон иргэд нэрлэжээ.
-У.ХҮРЭЛСҮХИЙН СӨРӨГ ДҮР-
Судалгааны MEC байгууллагын санал асуулга, судалгаанд оролцсон иргэд үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг 10 улстөрчийг нэрлэсэн шиг ээ таалагддаггүй 10 улстөрчийг ч нэрлэжээ.
Уг жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн байна.
Түүний араас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг нэрлэжээ.
Тэгвэл үйл ажиллагаа нь олон нийтэд таалагддаггүй улстөрчөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нараас гадна Хотын дарга Д.Сумъяабазар, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Амарсайхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг нэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хуцдаг