Э.Оюундарь: Олимпод оролцохыг зорьж, бэлтгэлээ хийдэг

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Хөнгөн атлетикийн тамирчин Э.Оюундарь уртын харайлтын төрлөөр Монгол Улсын долоон удаагийн аварга болж байсан тамирчин. Тэрбээр сүүлийн таван жилийн дотор гурвын харайлтын төрөлд мөн улсын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоожээ. 

Ихэнх хүн "Багаасаа хүсэж, мөрөөдсөн мэргэжлээ сонгосон, мөрөөдлөө дагаж энэ амжилтад хүрсэн" гэж ярьдаг. Харин Э.Оюундарийн хувьд тэс өөр гэнэ. Тэрбээр анги удирдсан багшийнхаа шахалтаар спортод “хөл тавьжээ”.
 



Энэ талаараа “Бага ангидаа Хэнтий аймгийн төв рүү шилжиж очоод, сургуулиас зохиодог намрын спартикадад орсон юм. Тэмцээний дараа ангийн багш маань надад мэдэгдэхгүйгээр хөнгөн атлетикийн секцэд бүртгүүлчихсэн байсан. Заавал хөнгөн атлетикийн спортоор хичээллээрэй гэж багш маань тухайн үед захиж байсан юм. Ингээд өөрөө тийм ч сонирхолтой биш мөртлөө ангийн багшаасаа айгаад, секцэнд явж эхэлсэн. 2014 онд анх улсын тэмцээнд оролцож, медаль авсан. Түүнээс хойш секцээ таслахаа больж, энэ спортдоо чин сэтгэлээсээ дурласан. Хүн амжилт гаргаад эхлэхээр дуртай болдог юм байна лээ” хэмээн ярьсан юм.

Одоо тэр хөнгөн атлетикийн спортдоо бүхий  л цаг заваа зориулж байгаа бөгөөд анхны гарааг нь тавьсан багшдаа хамгийн ихээр баярладаг талаараа ч хэлж байлаа.

Гоолиг бие, үзэсгэлэнтэй төрхөөрөө сүүлийн үед олны анхаарлыг татах болсон Э.Оюундарь дунд сургуульд байхаасаа өндөр, туранхай охин байжээ. Бүжиглэх дуртай, эвсэлтэй байсан болохоор спортод ур дүйтэй байсан байх хэмээн ярив.

Хэнтийн уугуул охин бэлтгэл, сургуулилтаа чанартай хийж, илүү ихийг сурахын тулд олон багш сольж, олон ч газраар явжээ. Мөн өсвөр насандаа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож, туршлагатай тамирчидтай өрсөлддөг байсан нь түүний шаргуу, хичээнгүй байсныг илтгэнэ.

Түүний амьдралын хэв маяг их энгийн. Өдөрт хоёр удаа, нийт долоон цагийн бэлтгэл хийдэг. Өглөөний бэлтгэлээс өдрийн бэлтгэл хүртэл хооллож, амарна. Олон цагаар бэлтгэл хийдэг учраас орой маш их ядардаг гэнэ. Тиймээс орой дахиад л амарна.

“Цагийг үеийн залуус шигээ өнгөрөөж чаддаггүй. Найзуудтайгаа ойрхон уулзах боломж олддоггүй, нутагтаа байгаа ижий, аавтайгаа ч уулзаж чаддаггүй” хэмээн ярьж байлаа.  Бэлтгэлдээ уяатай амьдардаг ч тэрбээр спортдоо дэндүү хайртай.

Уртын харайлтын спортыг сонирхдоггүй хүн “Үсрээд л болоо” гэж бодож магадгүй. Гэтэл хурд, хүчний бэлтгэл, техникийн бэлтгэл гээд маш их хөдөлмөр шаарддаг. Нэг техникийг өдөрт 50 удаа давтдаг гэнэ.

Олон цагийн шаргуу бэлтгэлийн үед шантрах үе зөндөө гардаг аж. Гэхдээ есөн жилийн турш шантраагүйнх нь хамгийн том шалтгаан нь түүний хамт олон. “Хамт олон маань гоё уур амьсгалтай, нэгнээ маш их дэмждэг болохоор надад буцаж сэргэх боломжийг олгодог” хэмээн ярьсан юм.  

Түүнээс ирээдүйд биелүүлэхийг хүсэж байгаа хамгийн том зорилгыг нь асуухад “Тамирчин бүрийн хамгийн том зорилго олимп шүү дээ” гээд инээмсэглэв. Гэхдээ тэр юм бүхэн шат дараалалтай байх хэрэгтэй гэж боддог. Эхлээд Азийн наадамд оролцоно. Дараа нь Дэлхийн аваргад, тэгээд Олимпын наадамд оролцоно гэхчлэн төлөвлөж байгаа. 

Улсын рекордыг шинэчлэн тогтоосон ч “Би болоогүй байгаа” гэж ярих энэ охин том зорилго тээсэн учраас гаргасан амжилтдаа хөөрч, догдлохгүй байгаа гэнэ.

Ингээд Монголын нэрийг дэлхийд цуурайтуулах том зорилго тээж, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа хичээнгүй охинд амжилт хүсээд, бид яриагаа өндөрлүүлсэн юм.

Видео хэлбэрээр үзэх 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намжилмаа(172.69.252.136) 2021 оны 09 сарын 24

Атлетик үнэхээр гоё шүү дээ. Ямарч хүнийг гоо сайхан болгодог тийм сайхан спорт

2  |  0
Top