БНСУ-ыг хөгжингүй эдийн засагтай орны ангилалд орсонд баяр хүргэлээ

2021 оны 09 сарын 22

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2021.09.22) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-г хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд Элчин сайдын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Удирдах зөвлөлийн 68 дугаар уулзалтын шийдвэрээр Бүгд Найрамдах Солонгос Улс хөгжингүй эдийн засагтай орны ангилалд орсонд баяр хүргэв.

Тэрбээр, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнгөрөгч есдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дээд түвшний цахим уулзалт хийж, хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг нэг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон нь хоёр улсын харилцааны түүхэнд өндөр ач холбогдолтой үйл явдал болсныг онцоллоо.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд, Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй. Цар тахлын нөхцөл байдал намжмагц худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Байнгын хорооны дарга Б.Баттөмөр илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё Хун Төрийн тэргүүн нарын цахим уулзалтаас хоёр улсын харилцааг таван тулгуур чиглэлд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан тунхаглал гаргасан. Энэ тунхаглалыг ажил хэрэг болгоход “Шинэ Умардын бодлого”-ын түнш улс болох Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг уялдуулахын ач холбогдлыг тэмдэглэв.

Мөн Монгол Улс, БНСУ-ыг олон улс, бүс нутгийн тавцанд үргэлж дэмжиж хамтран ажилласаар ирснийг тэмдэглээд БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны механизм”-ыг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top