Шат, шатны сонгуульд ялагдал хүлээж, парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод удаж байна.
Тэгвэл тэд намынхаа дотоод хуваагдал, маргааныг түр хойш нь тавьж, улс эх орныхоо төлөө нэгдэж тэмцэхээр болжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2021.09.23/ олон нийтэд мэдэгдэв.
Товчхондоо тэд эв нэгдлийг эрхэмлэж, эрх баригчдаас хариуцлага нэхэж ажиллахаа зарлалаа. Түүгээр зогсохгүй ганхаж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үндсээр нь сугалж хаяхаар хөдөлж эхэлжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлаж, өнөөгийн үүссэн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Өдөрт хэдэн авраар хүн үхэж, улс орон шатахууны хомстолд орлоо. УИХ-ын сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж хуралдсангүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс хойш халдвар тархах нөхцөл бий болсон. МАН-ын 100 жилийн ойн баяраар халдвар тархаж, одон медаль тараах, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх шаардлагыг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хүргүүлж байна" гэх үгийг дайв.
Ингэхдээ эрх баригчид шаардлагын хариуг нь өгөхгүй аваас Засгийн газрыг огцруулах жагсаалыг ирэх аравдугаар сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэдийгээр АН-ынхан нэгдэж, Засгийн газрыг унагах тэмцлээ илэрхийлсэн ч "хоёр толгой" нь хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын АН, О.Цогтгэрэлийн АН гэх нэршил, хуваагдал, эрх мэдэл нь хэвээрээ байгаа аж. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрч байгаагаа хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )