Өмнөд Солонгосын Squid Game цуврал Netflix-ийн чансааг тэргүүлсэн анхны солонгос кино болсон.
Тус киноны найруулагч Хван Дон Хёк саяхан Variety-д ярилцлага өгч, үргэлжлэлийг хийх эсэх талаараа ярьжээ.
Хван киноныхоо зохиолыг 2008 оноос эхлэн бичсэн гэнэ. Хүмүүс Squid Game киноны санааг Өлсгөлөн тоглоом зэрэг гадаадын киноноос хуулсан гэж шүүмжилдэг ч Хван эрс эсэргүүцдэг.
Тэрээр “Олон жилийн турш би Японы хүүхэлдэйн кино, мангаг шүтэн биширдэг байлаа. 2008 онд зохиолоо бичиж эхлэхдээ би санхүүгийн хямралд ороод байсан тул кафед япон анимэ уншаад суудаг байсан. Өөрийгөө тийм тоглоомонд орвол яах бол гэж асуугаад л бичээд байсан. Гэхдээ миний киноны тоглоомууд энгийн, хүүхдийн тоглоом. Squid Game гадаадад амжилт олсон хоёр шалтгаан бий. Би орчин үеийн капиталист нийгмийн тухай түүх бичихийг зорьсон. Гэхдээ баатрууд нь жирийн амьдралд тааралддаг эгэл хүмүүс. Тоглоомын дүрэм нь ойлгомжтой тул үзэгчид дүрмэнд биш гол баатруудад анхаарлаа хандуулах боломжтой. Олон ангитай кино болохоор бичихэд хэцүү байлаа. Эхний хоёр ангид би хагас жил зарцуулсан. Өмнөд Солонгосын зах зээл өрсөлдөөн их. Жижигхэн газар нутагт 50 сая хүн амьдарч байна. Ази тивээс Хойд Солонгосоор тусгаарлагдсан тул бидэнд арлын сэтгэхүй суучихсан. Стрессдэхээрээ бид дандаа дараагийн хямралыг хүлээгээд эхэлдэг. Squid Game-ийн хоёрдугаар бүлгийг хийхээсээ өмнө би нэг уран сайхны кино хийнэ. Одоо би Killing Old Men Club кинон дээр ажиллаж байна. Squid Game-2 ямар байх талаар ямар ч төсөөлөл, төлөвлөгөө алга. Хийх бодол алга, бодоход ч ядаргаатай байна. Үргэлжлэлийг нь хийх боллоо гэхэд ганцаараа лав хийхгүй. Туршлагатай хэд хэдэн найруулагчтай хамтран ажиллана” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )