УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт тус тус нөхөн сонгууль болж байгаа. Шуудхан хэлэхэд яаран сандарч нөхөн сонгууль зарлах ямар ч шаардлага байсангүй. Зөвхөн МАН-д хоёр суудал, хоёр “Утсан хүүхэлдэй” бэлдэж өгөхийн тулд сонгууль зохион байгуулаагүй гэдгийг санах хэрэгтэй. Хоёр тойргийн ард иргэдийг төрд төлөөлөх хоёр төлөөлөгч сонгох сонгууль болохоос МАН-д хоёр кноп бэлдэж өгөх ажиллагаа биш л юм сан. Гэтэл сонгууль биш, эрх баригчид хоёр суудлаа нөхөж авах төдий л ажиллагаа үргэлжилж байна.
Хамгийн гол нь Сонгинхайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа 10 өрсөлдөгч, Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа зургаан өрсөлдөгч гээд нийт 16 нэр дэвшигч энэ төрд бүү хэл төрхөмдөө ч хэргээр бага хүмүүс санагдах болов. Өршөөнө биз ээ. Тэд юуны өмнө айл гэрийн ноён нуруу, сайн аав байх ёстой ч шал хэрэггүй улс төрд донтоод байхаар гэр бүл нь таатай ханддаггүй гэдгийг зарим жишээнээс харж болно. Аргагүй, байгаа бизнесийнхээ орлогыг улс төр хэмээх мэдэхгүй тоглоомдоо зарцуулж, эрхэлж буй ажил албаа алдаад байхаар ямар айлын эхнэр дуртай байх билээ.
Юуны өмнө 100 жилийн түүхтэй ах намын нэр дээрээс босож байгаа Э.Батшугар гэж ээжийнхээ өврөөс гараагүй нөхөр “Авлигын загалмайлсан эцэг” гэгдэх аавынхаа заасан замаар нүдээ аниад явж байна. Өнөөдөр ээжийнхээ өврөөс гараагүй, маргааш ч аавынхаа заасан замаас гажиж эс чадах “Угжтай улстөрч”-ийг “Ард түмнээ төрд төлөөл” гээд явуулах дэндүү харалган хэрэг болно. Тэр хэзээ ч нүдээ нээж, өөрийнхөө толгойгоор явахгүй хүн.
Тэгвэл гол өрсөлдөгч нь 30 гаруй жилийн түүхтэй АН-ын нэр дээрээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах гэсэн өвгөн Э.Бат-Үүл худлаа яриад зосгож байна. Улс төрд 30 гаруй жил ямар нэгэн хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажилласан өвгөн өнөөдөр “сайн сайхан болгоно” хэмээн залаад явж байгаад хэн итгэх юм. Итгэлээ ч Э.Бат-Үүл 30 жил чухам юу хийж чаддагаа харуулсан. Хоосон яриа, ганган зураг бариад 30 жил явсан нөхөр сонгуульд өрсөлдөх ч хэрэг байсангүй. Түүний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх туйлын хэрэгтэй байгаа юм. Юу юугүй ялын тавцанд зогсохдоо тулсан Үүл баатарт үүнээс өөр сонголт үгүй болсон учраас хамгаалалт хүссэн хэрэг. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс ялах магадлал нь бага багаар буурч ирсэн хүн бол Үүл баатар. Сүүлдээ арга мухардсан байх, Улсын баатрынхаа тэмдгийг АН-ын туганд хатгачихав. Олон нийтэд харагдах гэж ядаж байгааг л харууллаа. Улсын баатрын тэмдгийг намын туганд зүүлээ ч Ерөнхийлөгчийн зарлиг нь Эрдэнийн Бат-Үүлд хэвээр хадгалагдаж үлдэнэ. Ийм л хий хоосон зүйл хийж явдаг хүн.
Гэвч өнөөдөр 60 гаруй суудалтай төрийн эрх барьж байгаа МАН-д тал засагчид ч олон байна, төрийн дэмжлэг ч байна, хөрөнгө мөнгө ч байна гэж бодохоор “Угжтай улстөрч” гарцаагүй ялах гээд байх юм. Тэр бол парламент, их улс төрд зөвхөн эцэг Н.Энхбаярынхаа үг, хүсэл л болж очно, өөр юу ч байхгүй гэдгийг сонгогч олон маань мэдэх байгаа. Ийм ялалтын төлөө санал өгөх ч хэрэг алга. МАН-ын хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн АН-аас нэр дэвшиж байгаа хүн нь Э.Бат-Үүл гэж нөмөр хайсан “бадарчин” гэхээр яах аргагүй тэр ялах гээд байна. Үүний зэрэгцээ эцгийн муу арга, зохиосон схем гээд явахаар бүрэн боломжтой. Бусад өрсөлдөгчдийг дурдахад ч хэцүү. Арай дээр нь олон шатны сонгуульд олон удаа өвдөг шороодсон Б.Найдлаа “Зөв хүн электрот” эвслээс нэр дэвшин өрсөлдөж байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд МАН-аас өрсөлдөж байгаа Э.Батшугарыг халз мэтгэлцээнд дуудсан бол сонгуулийн сурталчилгааны дунд үеэс морь унан явах болов. Б.Найдлаа нөхөн сонгуульд өрсөлдөж байгаа арваад өрсөлдөгчөөс очиж очиж Э.Батшугарыг сонгон халз мэтгэлцээнд дуудах ч гэж. Нас намба, зангаргаа бодсон ч мөр замаа мэдэхгүй, зөвхөн эцгийнхээ зурсан замаар нүдээ аниж яваа нөхрийг шүү. Үнэхээр сонгуулийн сурталчилгааны хүрээнд мэтгэлцэж оноо авах гэсэн бол АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийг сонгох нь арай нэр хүндтэй зүйл байв. Энэ бүгдээс харахад Б.Найдлаагийн найдлага ихэд тасарч, аргаа барж яваагийн нэгэн илэрхийлэл болов уу. Ядахад тус эвслээс парламентад тодорсон Я.Доржханд гэдэг нөхрийг хаях хонхор олдохгүй байхад Б.Найдлаагаар яах ч билээ.
Нөгөө талаас “Үнэн ба зөв” намаас А.Отгонбаатар гэх нөхрийг хэн сонгох вэ. Тэр бол залуусын эгнээнд жагсаал толгойлоод иргэний нийгмийн байгууллагад л яг тохирох хүн. Монгол Улсын төрийн босго хэтэрхий өндөрдөнө. Мөн хуульч Х.Бат-Ялалт гэж нөхөр бий. Унаж л байдаг, уйлж л байдаг, цуурч элийрч л байдаг нөхрийг өдгөө тоох сонгогч үгүй. Тэгээд ч тэр өөрөө үүнийгээ мэдэх бөгөөд ялалтын төлөө өрсөлддөггүй. Зөвхөн хувийн эрх ашгийн төлөө гэдгийг нэгэнт мэдэх болжээ. Ийм өрсөлдөгчтэй байхад МАН нэг кноп нэмэлгүй яах юм.
Тэгвэл Хэнтий аймагт ах намын нэр дээрээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өрсөлдөж байгаа. Гол өрсөлдөгч АН-аас Б.Гарамгайбаатар гэж Хэнтий аймагт төдийгүй монгол түмэнд нэр нүүрээ барсан нөхөр. Тэгэхээр аанай л МАН нэг кноп нэмж таарна. Урваж шарваж Ж.Батзандан нарын байгуулсан ШИНЭН-аас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав өрсөлдөж байгаа. Хүчирхэг мандсан АН-ын сүнсийг авч одсон ШИНЭН-ыг хэн тоох юм. Тоолоо ч Б.Гарамгайбаатарын цөөн саналыг аваад унана. Нөгөө талаас ИЗНН-аас А.Бархүү, Ард түмний олонхийн засаглал намаас Д.Чулуунбат, бие даан нэр дэвшигч М.Чингисхаан гэх мэт нөхдийг өрсөлдөгчид тооцоод ч яах юм. Тэгэхээр гарцаагүй ах намаас өрсөлдөж байгаа Ц.Идэрбат сонгогдож таарна.
Түүний хувьд аанай л өөрийн гэх толгойгүй, бусдын заасан замаар л явна гэхээр зүгээр л нэг кноп нэмж байна. Тэрбээр өөрийгөө “Чингис хотын захирагч” хэмээн өндөрт зарлан гарч ирж байв. Уг нь Монгол Улсад Улаанбаатараас өөр хууль ёсны хот байхгүй ч өөрийгөө “Хотын захирагч” хэмээн сүрхий нэрлэсэн нөхөр гэнэт гарч ирсэн. Ингээд зогсохгүй гэрлийн хурдаар явж, Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдох нь тэр. Гэтэл тэр УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх эрхийн мандатыг ах намын Бага хурлаас өрсөлдөгчгүй шахам авсан.
Залуусаа дэмжих нь улс төр бүү хэл жамын хууль учраас яах ч аргагүй. Гэхдээ энэ намд 20 жил зүтгэсэн нөхөр өнөөдөр мандат ч үгүй, дарга нарын үүд сахиад явж байгаатай нийцэхгүй л болов уу. Энэхүү гэрлийн хурдаар явж байгаагийн цаана У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн бий гэхээр яах ч арга алга. Ийм л хоёр нөхөр эрх баригчдын суудлын тоог бөглөхөөр айсуй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )